Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2014.01.22/ үдээс өмнө хуралдаж, эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.” гэж заасны “...шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргах...эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн 01 дүгээр дүгнэлт гаргаж, хуулийн энэхүү заалтыг түдгэлзүүлсэн байна.
Байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлын талаар үг хэлж санал бодлоо илэрхийлсэн гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байв. Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн тул энэ тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Мөн Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан байнгын хорооноос Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсгийн “хохирогчийн өмгөөлөгч” гэснийг “хохирогч өөрөө болон тэдгээрийн өмгөөлөгч” гэж өөрчлөх хуулийн төсөл санаачилсныг байнгын хорооны гишүүд дэмжлээ.
Дараа нь Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Тухайлахад Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 30.9 дэх хэсгийг “Төрийн албан хаагчийн Авлигатай тэмцэх байгууллагад гүйцэтгэх ажилтан, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцно” гэж өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар боллоо. Мөн энэ үеэр гишүүн Р.Бурмаагийн гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томъёолол гараагүй байна. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар найруулгын чанартай хоёр санал гаргасан бол Прокурорын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэрийг Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай гэж өөрчлөн найруулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.
Дараа нь зарим хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий байнгын хорооны ажлын хэсгүүд байгуулах асуудлыг хэлэлцэж, Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан нараар ахлуулан байгуулахаар болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ