Хөгжлийн бэрхшээлтэй ч, би бусадтай адилхан хүн

Наймайг багад манай нутагт гурван сонин хүн байлаа. Хэлгүй Мундуу, гаргүй Баажаа, тахир Гээжээн нар л даа. Манай нутаг гэдэг нь Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сум юм.Хэлгүй Мундуу шиг мэргэн анчин тэр хавьд л лав байгаагүйг баттай хэлнэ. Сумын даргын өгсөн үүрэг, даалгаврыг тун амжилттай биелүүлснийг нутгийн өвгөд одоо ч дурсдаг. Цагаан үенгийн 50 арьс бэлдэх даалгавар өгсөн байгаа юм. Үен бол тун гавшгай, мөнхийн хөдөлгөөнтэй, маш жижиг амьтан. Түүний хоёр хар нүд мойлноос бараг жижиг байх. Гэтэл арьсыг нь гэмтээхгүй гэхдээ зөвхөн нүдээр нь буудсан байдаг. Гаргүй Баажаа бол солгой гарынх нь бүх хуруу дунд үеэрээ мухар гэж байгаа. Манай Баажаа эмнэг адуу бугуйлдаад мухар гараараа сураас нь нэг л атгасан байхад тавихгүй гэлцэнэ. Би нүдээрээ үзсэн билээ. Тахир Гээжээний урныг яривал барахгүй. Улиасны холтсоор таван хошуу мал, ан амьтан, хусаар хорол, шатар сийлсэн нь үнэхээр гайхалтай. Тэр үеийн урианхай айл болгонд түүний урласан тоглоом байдагсан. Бид түүгээр нь тоглож өссөн хувьтай улс аа. Тэгэхэд балчирхан ухаанд минь нэг л бодол үлдсэн байдаг. Зарим юмаараа бусдаас дутуу мэт мөртлөө нарийн чимхлүүр зүйлд харин ч илүү нь гайхал төрүүлсэн билээ. Тэр үеийнхээр тахир дутуу, өнөөгийнхөөр хөгжлийн бэрхшээлтэй тэдний ур чадвар энгийн хүмүүсийг ийнхүү бишрүүлж явсан түүхтэй. Хожим нь сургуульд ороход манай ангид хэлний бэрхшээлтэй нэгэн охин оров. Муухан ярьдагсан. Маргааш нь сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, ангийн багш, эцэг, эх нь орж ирээд шивэр авир ярилцан байснаа тэр охиныг хөтлөөд гарсандаа. Түүнийг тусгай сургуульд шилжүүлсэн талаар ангийн багш бидэнд тайлбарласнаар тэр талаар гарсан элдэв яриа намжив. АУДС-ийн оюутан байхдаа хотын нэгэн эмнэлэгт дадлага хийв. Тэгэхэд хөлийн бэрхшээлтэй Д.Баатаржав гэдэг үеийн залуу хэвтэж байлаа. Чухам л хувь тавилангийн ерөөлөөр түүнийг би үзэж байхаар хуваарилагдаж, сайхан танилцлаа. Байт сураар хичээллэдэг гэнэ. Найз болсны хувьд тэмцээнд ороход нь хааяа очиж үздэг байлаа. Эрүүл саруул, бүрэн бүтэн тамирчидтай өрсөлдөөд улсын аварга болоход нь баярлаж суулаа. Гэтэл Бээжингийн гэх 2008 оны Паралимпийн байт сурын төрлөөс аваргын алтан медаль авч, Төрийн далбаагаа тэнгэрт мандуулан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин цол хүртэхэд нь нулимсаа арчиж баралгүй сууснаа одоо бодоход нэн таатай байдаг. Тэр жил “Ардын эрх” сонинд сурвалжлагч байхдаа Зүүнхараад болсон нэгэн семинар сурвалжлахаар явахдаа харааны бэрхшээлтэй Д.Батноов гэдэг хүнтэй галт тэргэнд суудал зэрэгцэн сайхан танилцлаа. Аян замын уртад хорвоогийн хамаг л юмс үзэгдлийг хамж шимэн ярьж явахдаа тэр хүний ертөнцийг үзэх үзэл, орчлонгийн өнгө төрхийг ямар гайхалтай харж, мэдэрдгийг нь ажаад ёстой далан таваар бууж, биширснээ хэлэхээс ичихгүй ээ. Харааны бэрхшээлтэй тэрээр хорвоог биднээс, лав л надаас хэд дахин илүү хардаг нь үгээр илэрхийлэх аргагүй сонин санагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй атлаа энгийн нэгнээс илүү сайхан дуулж, бүжиглэж, спортын амжилт гарган, иллэг, массаж, мужаан, нэхмэл, хатгамал хийдэг хүн өчнөөнийг бид мэднэ дээ. Иймэрхүү жишээ гаднаас ч олныг дурдаж болно. Суут Бетховен сонсголын бэрхшээлтэй байтлаа алдарт “Сарны сонат”-аа бичсэн гэхээр итгэмээргүй. Гэвч түүхэн үнэнийг яалтай. Тэгтэл бид хөгжмийн долоон нотыг тийм сайн мэддэг бил үү. АНУ-ын алдарт математикч, шинжлэх ухааны доктор, профессор Нэш гэдэг хүний талаар Төрийн шагналт математикч, МУИС-ийн багш Р.Энхбат сонин түүх ярив. Сэтгэцийн төрөлхийн эмгэгтэй боловч тооны шинжлэх ухаанд ховор нээлт хийсэн хүн гэнэ билээ. Одоо дэлхийн олон оронд урилгаар лекц уншдаг ажээ. Лекцээ хачин гоё уншихаас гадна, завсар чөлөөгөөр нь гарын үсгээ 1000 ам.доллараар үнэлэн зурахад дараалал тасардаггүй гэсэн. Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлангийн өмнөх үгийг бичсэн профессор С.В.Хокингийн өмнөтгөл үнэхээр сонин. Тэрээр, хөгжлийн бэрхшээл нь амжилтад хүрэхэд саад болох ёсгүй. Би амьдралынхаа ихэнхийг хөдөлгөөн, мэдрэлийн хүнд өвчтэй өнгөрүүлсэн ч, энэ нь намайг сансрын физикийн салбарт онцгой амжилт гаргаж, аз жаргалтай байхад минь саад болоогүй юм. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц“ гарч, дараа нь энэхүү “Хөгжлийн бэрхшээлийн талаарх дэлхийн тайлан” хэвлэгдсэн нь энэ зуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амьдарч байгаа нийгэмд нь хамруулах эргэлтийн цэг болно гэдэгт найдаж байна гэжээ. Оросын алдарт шатарчин, дэлхийн аварга М.Таль насан хэвийж явахдаа сэтгэцийн хөнгөн хэлбэрийн эмгэг, чичрэг өвчтэй болсон ч олон том тэмцээнд түрүүлж байсныг дэлхийн аварга Б.Спасский шагшин өгүүлсэн байдаг. Энд дурдсан жишээнүүдийг гайхамшиг гэхгүй бол өөр юуг гайхамшиг гэхэв дээ. Хөгжлийн бэрхшээлтэй суут хийгээд энгийн хүмүүсийн талаар тойм төдий хүргэснийг минь болгооно биз ээ. Манай гараг дээр хөгжлийн бэрхшээлтэй нэг тэрбум гаруй, манайд 108 мянга гаруй хүн байдаг гэсэн албаны тоо харагдана. Тэдний дотор дээр дурдсан суутнууд адил, бас бидэн лүгээ хөдөлмөрийн чадвар, авьяас билигт нөхөд хэдэн арван мянга, саяр тоологдоно гэдэгт би хувьдаа итгэл төгс байна. Учир нь нэгд, би хүний их эмч, хоёрт сэтгүүлч, гуравт тэднийг хар багаасаа мэдэрч өссөн билээ. Тиймээс тэднийг би бусадтай адил үздэг ээ. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, төр, засаг, хувийн хэвшлийнхэн, иргэд, хэн ч бай тэднийг бүү ялгаварлан гадуурхаасай гэх гэсэн юм. Тэдний амьдрах, хөдөлмөрлөх, сурч боловсрох, эмнэлгийн тусламж авах, санхүүжилт олох, хараат бус, эрх чөлөөтэй байх, орчноо таатай болгох, хөтөлбөр, төсөлд оролцох, судалгаанд хамрагдах, хамгийн гол нь хамт олон дотор төлөвшүүлэхэд хэн ч, ямар нэг хэмжээгээр саад болох ёсгүй. Харин ч дэмжиж, тусалбал зохино. Хөгжлийн бэрхшээлээсээ болоод хүний тооноос хасагдах, ялгаварлан гадуурхагдах, хагас хүнд тоологдох учиргүй билээ. Энэ бүхний эцэст тэдний өмнөөс “Хөгжлийн бэрхшээлтэй ч, би бусадтай адилхан хүн” хэмээн хэлмээр, бүр хашгичмаар, тэгж байгаагаа дуулгамаар санагдав.

Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ