Согтууруулах ундааг дагнасан цэгээр худалдаалах талаар иргэдээс санал авлаа
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд олон нийт, холбогдох албаны хүмүүсийн саналыг тусгах, танилцуулах зорилгоор Хууль зүйн яам, Монгол Улсын Их хурал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт дүүргүүдийн удирдлага, холбогдох хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд холбогдох албаныхан архидан согтуурахтай тэмцэх хуулийн хүрээнд хийсэн ажил, нэгдсэн судалгаа, хуулийн төслийг товч танилцуулсан юм.
2013 оны байдлаар согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн 7, архины 57, дарсны 10, шар айрагны 19 нийт 95 аж ахуй нэгж байна. 2013 оны байдлаар нийт бүртгэгдсэн 25362 гэмт хэргийн 6406 гэмт хэрэг нь согтуугаар үйлдэгдсэн. Энэ нь нийт гэмт хэргийн 25.2 хувийг эзэлж байгаа.
Нийт хүн амын тоотой харьцуулахад 24 хүн ам тутмын нэг нь эрүүлжүүлэгдсэн дүн гарч байна. Архиныосолт хордлогоор жилд дунджаар 373 хүн нас барж байгаа статиситик үзүүлэлт гарсан. Тиймээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа юм.
Шинэчилсэн хуулийн төсөлд спиртийн өндөр болон спиртийн сул агууламжтай согтууруулах ундааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр дагнасан цэгээр худалдана. Дагнасан цэгийн тоо, байршлыг тухайн орон нутгийн 21-ээс дээш хүн амын тоо, үйлчилгээний хүрээ, эрүүл мэнд, соёлын байгууллага, орон сууцны хороолол, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байрны байршлыг харгалзан тооцно. 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа хэрэглэх боломж олгохыг санаачилан зохион байгуулах, энэ зорилгоор орон байраар хангах, мөнгөн туслалцаа үзүүлэхийг хориглоно.
Мөн төрийн байгууллага болон төсвийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж нь төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах, аливаа тэмдэглэлт арга хэмжээг согтууруулах ундаа хэрэглэн тэмдэглэхгүй гэх мэт олон өөрчлөлт орж буйг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид саналаа илэрхийлсэн бөгөөд хороодын Засаг дарга нар “Нэг хороонд архи согтууруулах ундаагаар худалдан борлуулдаг цэг хэтэрхий олон байна. 11000 хүн амтай хороонд 30 архины цэг байдаг. Үүнийг 7 болгож цөөлөх хэрэгтэй” гэсэн юм. Гэхдээ дээрх хуулийн төсөлд тусгасан21 наснаас дээш 3000 хүн ам тутамдархи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 1 цэг байх заалтыг сайн судлах шаардлагатайг оролцогчид онцлон хэллээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ