Ц.Мөнхбаяр: Би 21 жилийн ял авах хэрэг үйлдээгүй
Урт нэртэй хуулийг эсэргүүцэж, Төрийн ордон руу буудсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байсан Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Хоёр өдрийн турш үргэлжилсэн хурал өчигдөр 23.00 цагт шийдвэрээ гаргаж, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Харин О.Самбууёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан байна.
Шүүх бүрэлдэхүүн ялын тогтоолыг уншиж танилцуулмагц ар гэрийнхэн нь ухаан алдаж, уйлж орилон, шүүгчид рүү дайрахыг завдаж хурлын танхимд үймээн дэгджээ.
Тэднийг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн, 149.3 бусдын эд хөрөнгийг бүлэглэн авахаар далайлган сүрдүүлсэн, 185.2 буюу галт зэвсэг, байлдааны галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хийж бэлтгэсэн, хадгалсан гэх үндэслэлүүдээр буруутган ялласан байна.
Учир нь тэд өнгөрсөн оны есдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах хориглох тухай” буюу Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг зогсоохыг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүлсэн. Мөн энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын бүсэд галт зэвсэгтэй нэвтэрснээс гадна Сэнтрал тауэр, Засгийн газрын хоёрдугаар байр буюу Уул уурхайн яамны гадна тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан, мөн төрийн алба хаагчийн өмнөөс галт зэвсэг ашигласан хэргийг үйлдсэн юм.
Хурлын шийдвэрийн дараа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр "Би хуульд заасны дагуу эх орноо хамгаалах иргэн хүний үүргээ биелүүлсэн. Би 21 жилийн хорих ялаар шийтгүүлэх гэмт хэрэг үйлдээгүй. Шүүхийн шийдвэр нийгэм ямар байгааг харуулж байна” гэжээ.
Харин шүүхийн шийдвэрийг ар гэрийнхнийг эсэргүүцэж, хэвлэлийн хурал хийнэ гэдгээ мэдэгдэв.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ