Ж.Дамдинсүрэн: Автобусны үнэ 600 болохыг үгүйсгэхгүй

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэнтэй ярилцав.

-Ямар хууль дүрмийн үндэслэлээр та бүхэн автобусны үнэ нэмэх асуудлаар мэдээлэл хийв ээ?

-Авто тээврийн тухай хуулийн 12.1-д оролцогч талуудын тохиролцож байгуулсан гэрээгээр үнэ тогтооно гээд заачихсан. Оролцогч тал гэдэг нь нэг талаас тээврийн газар, нөгөө талаас Нийтийн тээвэр үйлчилгээ эрхэлж байгаа компани. Нийтийн тээврийн ажил үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх гэрээ гэж байгуулдаг. Энэ гэрээндээ үнэ тарифыг тогтоож ирсэн. Харин энэ гэрээний хугацаа өнгөрсөн 12 сарын 31-нд дуусгавар боллоо. Энэ өдрийг хүртэл нийтийн тээврийн тасалбарын үнийг нэмэхгүй байхаар тохирсон байсан. Уг гэрээ дууссаны дээр Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар нийтийн тээврийн алдагдлыг төрөөс татаасаар олгохгүй гэсэн шийдвэр гарсан тул бид алдагдлаа нөхөх үүднээс тасалбарийн үнийг нэмэхээс аргагүй болж байна. Хоёрдугаарт Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлж байгаатай холбогдуулан хотын нийтийн тээврийн үйлчилгээний тарифийг 1993 оны зургадугаар сард багтаан чөлөөт тогтолцоонд дэс дараатай шилжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй” гэж заасан байдаг.

-Энэ тухай мэдэгдлээ албаны хүмүүст хэзээ хүргүүлэв.Яагаад заавал цагийг нь тулгаж мэдээлэл хийж байгаа юм бэ. Энэ мэдээлэл гэнэт ингэж цацагдсан нь олон нийтийг цочирдуулж байна шүү дээ?

-Одоо долларын болон дизель түлшний ханш 1700 гараад явчихлаа. Тиймээс бид арга буюу ийм шаардлага тавихад хүргэж байна. Бид энэ тухай мэдэгдлээ Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Авто тээврийн газарт энэ сарын 10-нд албан ёсоор мэдэгдсэн. Бид анх хүүхэд 300, том хүн 600 төгрөгөөр явдаг болвол автобус компаниуд алдагдалгүй ажиллах юм байна гэсэн тооцоо гаргасан. Тэгээд цагаан сар болж байна, иргэдийн амьдрал хүнд байна гэж иргэдээ бодоод 500 гэж тогтоосон. Ингээд албан ёсоор шаардлагаа хүргүүлчихсэн байна. Одоо хариу хүлээж байна. Хариу ирэхэд ч хүндрэлтэй. Яагаад гэхээр Нийслэлд биднийг 400-аар явуулчихаад алдагдал нөхөж өгөх санхүүгийн боломж байхгүй. Алдагдлаа тооцоод өгье гэх хууль эрхзүйн орчин ч байхгүй. Тэгэхээр энэ асуудлыг Засгийн газрын түвшинд нэлээд том хэмжээнд авч үзэж,УИХ-аар ярьж байж шийднэ. Нийтийн тээврийн үйлчилгээний үнийг энэ үнэнд нь бариад алдагдлыг нь нөхөн өгөх юм уу, эсвэл худалдаа ахуй үйлчилгээ шиг чөлөөт үнэтэй нь явуулах уу гэдгийг зайлшгүй шийдэх шаардлагатай байна.

-Нийслэлийн Тээврийн газартай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон учраас тэд энэ асуудалд нөлөөлж чадахгүй нь ээ?

-Нийслэлийн Тээврийн газартай хийсэн гэрээ дуусгавар болсон учраас биднийг үнээ нэмэхээ боль гэх эрх байхгүй. Хэрвээ тэгж хэлбэл бидний алдагдлыг нөхөж өгөх хэрэгтэй болно. Хэрвээ өнөөдрийн дотор засгийн газрын түвшинд хэлэлцээд тодорхой хариулт өгөхгүй бол тэр өдрийн өглөөнөөс 500 төгрөгөөр үйлчилж эхэлнэ. Засгийн газар энэ оны төсвөө баталчихсан. Тэгэхээр төсвийн тодотголоор энэ асуудлыг шийдэх нэг боломж байгаа.

-Та бүхний хэлж байгаагаар гэнэт 600 ч болгож мэдэх нь ээ?

-Хэрвээ бидний алдагдлыг нөхөж өгөхгүй, чөлөөт үнээрээ явцгаа гэвэл урин дулаан цаг ирэхэд бид үнээ 600 болгоход үгйүсгэх юм байхгүй. Бид алийн болгон улс төрчдийн дарамтад ороод өөрсдөө алдагдалтай ажиллаж байх вэ дээ. Манай холбоонд автобус үйлчилгээ эрхэлдэг нийт 24 компанийн 20 нь байдаг.. Цахилгаан тээвэр ХХК, “Аз”тээвэр ХХК гэсэн цахилаган тээврийн хоёр компани, “Эрдү”, “Үнэгтийн уул” гээд айсо автобусны компани гэсэн дөрвөн компани манай гишүүнчлэлд байдаггүй. Энэ дөрвөн компанийн тарифын асуудлыг бид мэдэхгүй байна.

-400 төгрөгөөр явж байх хугацаанд автобус компаниуд яг хэчнээн төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан юм бэ, тоо баримт байна уу?

-Нийт 23,3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Нэг зорчигчийг тээвэрлэхэд 150-160 гаран төгрөгний алдагдалтай ажиллаж байна гэсэн тооцоо гараад байна. Тэгэхээр 100 төгрөг нэмээд ч цаана нь 50-60 төгрөгний алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. 600 төгрөгөөр үйлчилж байж дөнгөж алдагдалгүй ажиллаж эхлэх юм. Ямар ч ашиггүй. 600-аас дээш үнээр явж байж ашигтай ажиллана. Төрийн өмчит компаниуд гэхэд гуравдугаар улиралын балансаар үзэхэд хамгийн алдагдал багатай ажилласан “Автобус 1” компани гэхэд нэг тэрбум 800 сая төгрөгийн алдагдалтай гарсан. “Автобус 3” компани бас л 2-3 тэрбум. Хувийн компаниуд гэхэд 900-аад сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Хувийн компаниуд алдагдлаа бага бариад байдагийн шалтгаан нь ажилчиддаа өгөх ёстой цалингаа бүрэн өгч чаддаггүй, бага цалингаар цалинжуулдаг, хүнээ бүрэн орон тоогоор нь авч ажиллуулж чаддаггүй, ийм байдлаар л алдагдал нь арай бага, дампуурчихгүйхэн шиг явж байна.

-Нийтийн тээврийн үйлчилгээнд элдэв доголдол их бий. Энэ бүхэн юутай холбоотой юм. Үнээ нэмлээ гээд сайжрах уу?

-Эцсийн үр дүнд юу болж байна вэ гэхээр энэ компаниудад ажилладаг хүн байхгүй болчихоод байна. Мэргэжлийн боловсон хүчин байхгүйгээс өглөөнөөс орой хүртэл тасралтгүй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Ингээд орой болохоор нийтийн тээврийн үйлчилгээ доголдоод байдаг. Ингээд иргэд нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд хангалттай үйлчилж чадахгүй байна гэж гомдоллодог. Нийтийн тээврийн жолооч кондуктор нарт ядаж нэг өдрийн амралт ч гэж алга.Жилийн 365 хоногт тасралтгүй ажиллаж байна. Гэтэл ийм онцгой салбарыг төр засгаас огт анаарч харахгүй байна. Алдагдалгүй ажиллаад ирвэл ажилчдын цалин хөлс ч нэмэгдэнэ, үйлчилгээний чанар, харьцаа хандлага ч сайжирна шүү дээ.

-Үнэ нэмэгдвэл автобусанд хөнгөлөлттэй, үнэ төлбөргүй явдаг иргэдийн өмнөөс улсаас авдаг татаас бас нэмэгдэнэ гэсэн үг үү?

Мэдээж тэгнэ. Үнэ 500 болонгуут яг тэр тооцоогоор үнэгүй тээвэрлэж байгаа иргэдийн өмнөөс нөхөн олговороо нэмж авна. Энэ онд 53 тэрбум төгрөг баталсан гэж бодохоор тэрний дөрөвний нэг буюу 14 тэрбум төгрөгөөр нэмэгдэж таарна.

-Эцсийн эцэст иргэдэд их дарамт болж байна даа?

-Автобусны үнийн энэ нэмэгдэл хэнд илүү дарамт болж байна вэ гэвэл яг ажилгүй, орлогогүй, хувийн албан бус секторт ажилладаг хүмүүсийн амьдралд. Нийгмийн энэ эмзэг хэсгийнхнийхээ амьдралыг төр харах л ёстой. Автобусанд үнэ төлбөргүй, улсаас олгосон нөхөн олговороор үнэгүй зорчиж байгаа иргэдэд ямар ч дарамт байхгүй. Төрийн албан хаагчдад ч гэсэн автобус унааны мөнгөний зохих хувийг олгодог. Энэ байдал явсаар байж цалин мөнгө багатай, хамгийн хүнд хөдөлмөр эрхэлдэг тээвэрчид, хамгийн ядуу иргэн хоёрын хоорондын тэмцэл болох гээд байна. Энэ байж боломгүй асуудал.

-Автобус компаниудад ч тэр, төр засагт ч тэр ашигтай байх үнийн боломжит хувилбар бий юу?

-Миний бодлоор төр автобусны үнээ бага тарифтай болгоод, өлгийтэй хүүхдээс өвгөн хөгшин гээд хэн ч байсан мөнгөө төлдөг болчихвол улсаас гарч байгаа зардлынхаа тодорхой хувийг орлогоосоо төлчихдөг ийм системд шилжинэ. Ингэвэл нийтийн тээвэр хөгжинө. Тэгэхгүй та нар орлогоо ол гээд уралдуулчихсан. орлогын төлөөх дайнаас болж нийтийн тээврийн үйлчилгээний соёл, аюулгүй байдал алдагдаад, хүнээ булаалцалдах, хоорондоо уралдах гэх мэт зохисгүй байдал үүсээд байна. Тиймээс энэ салбарт юу хэрэгтэй, ямар шинэчлэл хийх ёстой вэ гэдгийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

-ШӨХТГ-т хандсан уу?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандсан. Бид үгсэн хуйвалдаж, өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж тарифаа нэмээгүй, үнэхээр манай салбар алдагдалтай юм шүү гэдгээ мэдэгдсэн.

Харин Нийслэлийн тээврийн газар Нийслэлчүүдийн зорчих эрхийг хүндэтгэн тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлуулахыг Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос хүслээ. Тэд ТОАҮЭХ-ний тэргүүн Ц.Пүрэвсамбуу, гүйцэтгэх захирал Ц.Дамдинсүрэн нарыг хүлээн авч уулзан тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хоёрдугаар сарын 23-ныг хүрэт дахиад нэг сар хойшлуулахыг хүссэн албан бичиг хүлээлгэн өгсөн. Уг албан бичигт: “Та бүхнээс ирүүлсэн үнэ тарифийн талаарх хүсэлт, холбогдох санхүүгийн тооцоотой танилцаж нийслэлийн удирдлагад хүргүүлээд байгаа билээ. Монголын уламжлалт Сар шинийн баяр удахгүй болох гэж буйтай холбогдуулан сая гаруй хүн амтай нийслэлчүүдийн эрхийг хүндэтгэн, мөн төр захиргааны удирдлагад асуудлыг шийдвэрлэх хугацаа өгөх шаардлагатай байгаа тул тарифийн үнийг 500 болгохыг 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүсч байна. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат, тусгай үйлчилгээ тул та бүхнээс тавьсан асуудлыг шат, шатанд нь уламжилж шийдүүлэхийн төлөө ажиллах болно.” гэсэн утгатай байсан.

Ямартаа ч автобусны үнийг нэмэхийг хориглох эрхзүйн үндэслэл Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын аль алинд нь байхгүй. Хэрвээ хориглосон тохиолдолд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн хохиролыг барагдуулахаас өөр аргагүй байдалд ороод буй юм. Одоо засгийн газрын түвшинд энэ асуудлын хэрхэн хэлэлцэж, ямар хариулт өгөгхийг харах л үлдлээ. Өнөөдрийн дотор засгийн газраас ямар нэгэн хариу өгөхгүй бол маргааш өглөөнөөс автобусны үйлчилгээ эрхлэгчид, тэр дундаа жолооч кондуктор, ард иргэдийн хооронд хүсээгүй дайн эхлэх нь бололтой.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ