Байгаль орчин ан, амьтнаа хамгаалахад хамтарч ажиллана

Монгол орны байгаль, ан амьтан, биологийн олон янз байдал, түүх соёлын дурсгалын гэрэл зураг, дүрс бичлэгийн санг баяжуулах, залуу хойч үедээ эх дэлхийгээ хайрлах зөв үзэл бий болгох, гоо зүйн хандлагад эерэгээр нөлөөлөх, экологийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах Санамж бичигт Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга, Соёл, спорт, аялал жуулчлалын Дэд Сайд М.Түмэнжаргал болон “Байгаль, Зэрлэг Амьтан Хамгаалах Үндэсний нийгэмлэг”-ийн тэргүүн У.Ганбаяр нар гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичиг нь Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгалт газрууд, амьтан, ургамлын ховор зүйлүүдийн газар зүйн байршил болон шинжлэх ухааны нэршил зэрэг мэдээллийг багтаасан мэргэжлийн өндөр түвшний гэрэл зураг болон дүрс бичлэгийн сан бий болгох зорилготой юм.

Талуудын хамтын ажиллагааны хүрээнд “Байгаль, Зэрлэг Амьтан Хамгаалах Үндэсний нийгэмлэг” Монгол орны хөхтөн амьтан, шувууд, хоёр нутагтан, мөлхөгчид, загас, ховор ургамал болон гоёмсог цэцэгс, анхааралд өртөхүйц шавьжууд, байгалийн үзэсгэлэнт тогтоцууд, гол, нуур, байгалийн өвөрмөц сонин үзэгдлүүд, тусгай хамгаалалттай газрууд, түүх соёлын дурсгалууд зэргийн гэрэл зураг болон дүрс бичлэгийг мэргэжлийн өндөр түвшинд хальснаа буулгана. Харин яамдууд Тусгай хамгаалалттай газар нутагт ажиллах зөвшөөрөл, нөхцөл бололцоогоор хангах, санхүүжилтэнд дэмжлэг үзүүлэх, олон улсын байгаль хамгаалах төсөл хөтөлбөрүүдтэй холбож өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах үүрэг хүлээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ