“Univision”-ий сорилт буюу гурвалсан үйлчилгээний гурав байтугай зовлон
Монголд анх удаа гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн “Unitel” группын охин компани болох “Univision”-ыг тойрсонасуудлууд тасрахгүй байна. Анхандаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр гурвалсан үйлчилгээ хэмээн нэг хэсэгтээ л рекламдаж, түүнийхээ ч үр дүнд айл бүрийн хойморт заларсан. Гурвалсан үйлчилгээ гэдэг нь IPTV, интернет, суурин утас гэсэн vйлчилгээг хэрэглэгчиддээ хамтад нь болон хосолсон хэлбэрээр хvргэж байгааг хэлж байгаа юм. Өнгөрсөн оны гуравдугаар сард сүр дуулиантайгаар анхдагч хэмээх эрхэм цолтойгоор нээлтээ хийж байсан тус компани нь дэлхийн технологийн гайхамшиг болсон гурвалсан үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийт 20 мянга гаруй хэрэглэгчтэй гэсэн албан бус тоо байгаа. Үүнээс харахад чамгүй зар сурталчилгаа цацсан нь харагдаж байгаа юм. Нөгөө талаар иргэд анхдагч гэдэг утгаар сонголтоо хийсэн байх. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд үйлчилгээний догогдол гарч, хэрэглэгчдийнхээ уур бухимдлыг хүргэж байгаа нь харамсалтай. Тус компанийн “Facebook” хуудас иргэдийн гомдлоор дүүрэн. Зарим нь бүр дахин дахин гомдлоо илэрхийлсэн байлаа. Үүнээс үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг харж болно. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангана гэдэг үг бодит амьдрал дээр ийм л байдаг. Юун сэтгэл ханамж, манай үйлчилгээг сонгоод хэрэглэгч болсон бол боллоо гэсэн байр сууриас ханддаг. Салбартаа монополь тогтоод байсан тэдэнд томоохон өрсөлдөгч гарч ирсэн. Тэр бол “Skytel”-ийн дөрвөлсөн үйлчилгээ болох “Skymedia” юм. Илүү давуу тал, олон боломжийг амлан гарч ирж байгаа тэдний хувьд арай өндөр үнэтэй байна. Тухайлбал, гурвалсан үйлчилгээг авахын тулд төхөөрөмжийг нь 79 мянган төгрөгөөр суурилуулж, сарын суурь хураамж нь хэрэглээнийхээ хязгаарлалтын хурдаас хамаарч 29 мянгаас эхэлдэг. Харин “Skymedia”-ны хувьд45.500 төгрөгнөөс эхэлдэг бөгөөд хэрэглээнээсээ хамаарч өөр өөр байдаг.
“Skymedia” нээлтээ хийгээд сар хүрэхгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ч өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болжээ. Хөдөлгөөнт интернет хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлснээрээ давуу талтай болж байгаа юм. Гэтэл өрсөлдөгч компанитай болсон “Univision”-ынхон ийнхүү үйлчлүүлэгчдийнхээ уур бухимдлыг хүргэж, мэр сэрээр алдаад байгаа сурагтай.
“Univision”-ы үйлчлүүлэгчдийг татсан нэг зүйл бол нэвтрүүлгийг буцаан үзэх боломж юм. Гэтэл нөгөө буцаах үйлчилгээ нь зөвхөн цөөн тооны нэвтрүүлгийг тодорхой хугацаанд хамаатай болж, үзэх биш хүлээх болдог ажээ. Ийммаягаар үйлчилгээ догогдол гарсан учир хэрэглэгчид нь үйлчилгээний төвд хандахаар “Удахгүй очиж янзална” гэсэн гурван үгийг хэлдэг аж. Тэр бүү хэл, үйлчлүүлэгч утасдаад “Гацаад байна. Яах вэ?” гэтэл нөгөө гурван “шидэт” үгээ хэлжээ.
-Хаана байгааг асуухгүйгээр ийнхүү гурван үгээ хэлээд утсаа салгасанд уур хүрсэн. Хаана байгааг нь мэдэхгүй мөртлөө янзлах гэж дайрдаг хачин улс байна хэмээн гайхаад үлдсэн гэж мөнөөх үйлчлүүлэгч ярьж байна.
Ингээд үйлчлүүлэгчдийн заримтай уулзсан юм.
Хан-Уул дүүргийн 33022334 тоот гэрээний дугаар хэрэглэгч:
-Танай “Univision”-ны үйлчилгээ тасраад хэд хонож байна вэ?
-Одоогоор бол тасрахгүй байна. Гэхдээ саяхан тасалсан. Учир нь манайх төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй юм. 20-ноос өмнө төлөх ёстой байтал бид 27-нд төлсөн. Гэтэл үйлчилгээг хаасан байсан. Үйлчилгээний лавлах руу нь байнга утасдаж хэлсэн боловч удахгүйзалгана гэсээр байгаад долоо хоносон. Сүүлд нь аргаа бараад “Facebook”-т нь гомдлоо үлдээсэн. Удсан ч үгүй залгасан.
-Өөр ямар нэгэн догогдол гарч байна уу?
-Телевиз нь байнга гацдаг. Би Сансар интернетээ салгуулаагүй болохоор түүнийгээ залгачихдаг.
-Энэ талаар гомдол гаргаж байсан уу?
-Үгүй ээ.
Хан-уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Х.Одбаяр:
-Танайд үйлчилгээний догогдол гарч байна уу?
-Нэг хэсэг интернетийн хурд маш муу байсан. Олон дахин утасдаж, ярьсны хүчинд гайгүй болсон. Мөн нэвтрүүлгээ ухрааж үздэг нь болохгүй байгаа. Уг нь энэ үйлчилгээ нь сард 1500 төгрөгийн хураамжтай. Гэтэл үзэх боломжгүй байна, сувгийн сонголт байхгүй байна гэсэн бичиг гарч ирээд байгаа. Үзэх сувгийн тоо ч багассан.
-Энэ талаар үйлчилгээний лавлахад нь холбогдож хэлсэн үү?
-Хэлсэн хэлсэн. Зөндөө хэлсэн. Хэлэх тоолонд шалгаж байна л гэдэг. Өнөөдөр ярьсан бол маргаашнаас л асуудлыг шийддэг. Маш удаан үйлчилгээтэй байгууллага.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Эрдэнэтуяа:
-Танай “Univision”-ны үйлчилгээ тасраад хэд хонож байна вэ?
-Манайх “Blue sky” хотхонд амьдардаг. Гэтэл “Univision”, “Blue sky” хотхон хоорондын маргаантай асуудлаас болоод олон удаа тасалж байсан. Хоёр байгууллагын хоорондын асуудлаас болоод хэрэглэгчид хохирч байна. Мөн сувгаа буцааж үзэх боломж хомс болсон. Үүнээс гадна интернетийн хурд доголддог.
-Үйлчилгээний лавлахад хандаж үзсэн үү ?
-Зөндөө үзсэн. Шалгаад хариу өгнө, ажилтнаа явуулна гэдэг. Гэтэл энэ нь худлаа байдаг. Сүүлдээ бүр утсаа ч авдаггүй. Өдөр хоног алгасан хүлээдэг.
Харин энэ талаар тус компанийн Маркетингийн албатай холбогдон тайлбарыг нь сонссон юм.
-Үйлчлүүлэгчид интернет тасраад байна, телевиз гацаад байна гэсэн гомдлыг манай редакцид ирүүлээд байгаа. Яагаад ингээд байгаа юм бол?
-Манайх одоогоор IPTV 2.0 үйлчилгээг ашиглаж байгаа юм.Харин ирэх долоо хоногоос 3.0 үйлчилгээнд шилжих гэж байгаа. Үүнээс үйдэлтэйгээр тасрах, гацах зэрэг догогдол гарч байгаа. Энэ талаараа ч ирэх долоо хоногоос хэрэглэгчиддээ мэдээлнэ. Мөн зам засварын ажилтай холбоотойгоор засч буй компаниуд шилэн кабелийн утсыг тасласан. Иймэрхүү зүйлээс болоод үйлчилгээний доголдол гарсан байгаа. Тэгээд ч энэхүү шинэ системд шилжсэнээр гомдол багасч, өөр түвшинд очих болно.
-Үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй хэрэглэгчдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
-Үндсэн үнээс хасч, төлбөрийг бодно.
-Лавлах утасны опературууд нь нэг л хариу хэлээд байна. Сүүлдээ бүр утсаа авахгүй байна гэх юм. Энэ талаар?
-Манай лавлах утас сая хэрэглэгчдийг хүлээн авах бүрэн чадалтай. Тийм асуудал гарах ёсгүй.
-Үйлчлүүлэгчдийн гомдлыг хэрхэн шийдэж байна? Зарим үйлчлүүлэгчид “Очиж янзалсан гэсэн боловч ирэхгүй байна” гэх юм?
-Үйлчлүүлэгчдээс ирсэн бүх гомдлыг манай байгууллагаас шийдэж байгаа. Нийт гомдлын 92 хувийг шийдсэн.
-Үйлчлүүлэгчдийн ихэнх нь оройн цагаар дуудлага өгдөг. Гэтэл ажлын цаг дууссан гэдэг. Оройн цагаар гомдлоо яаж өгөх вэ?
-“Фэйсбүүк” хуудаснаа иргэдийн санал гомдлыг 24 цагийн турш авч байгаа. Гомдлын хариуг тухай бүрд нь өгдөг. Манай лавлах утасны хувьд 22.00 цаг хүртэл ажилладаг. Энэ бол үйлчилгээний байгууллагын хувьд өндөр үзүүлэлт.
-Хэрвээ 22.00 цагаас өмнө өгсөн иргэдийн гомдлыг хэрхэн шийддэг юм бэ?
-Тухайн байрны СӨХ 21.00 цагаас хойш оруулдаггүй. Энэ байдлаас болоод гомдлыг шийдэж чадахгүйд хүрдэг.
Ийнхүү хариуцлага ухамсарласан томоохон группын охин компани “Univision” бурууг бусдадчихэж зам засварын ажил, орон сууцнуудын СӨХ-үүдийг буруутгаж байна. Наймдугаар сараас хойш үйлчилгээгээ бүрэн авч чадаагүй иргэд дэмий л бухимдаж, үйлчилгээний лавлах руу холбогдоход “Салгаад залга” гэдэг гайхамшигт үгээ хэлэх ажээ.
Чанартай үйлчилгээ санал болгож, мөнгийг нь авчихаад тасалдал, доголдол гарахаар буруу хараад суучихдаг энэ мэт үйлдлээ зогсоож, хэрэглэгчээ хүндлэх соёлд суралцахыг “Univision” компанийханд сануулах нь зүйтэй байх. Ирэх долоо хоногоос эдгээр доголдол давтагдахгүй байхыг үйлчлүүлэгчид нь хүлээх л үлдээд байх шиг байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ