Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.Агаарын бохирдлоос хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдааг илүү сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах шаардлагын үүднээс Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны хоёрдугаар сард Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл санаачлан УИХ-аар батлуулсан юм. Энэ хуулийн дагуу Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий Үндэсний хороо гэсэн бүтцийг бий болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 43 тоот зарлигаар байгуулж байв.

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2012 оны тавдугаар сард Агаарын тухай хууль нэртэйгээр УИХ шинэчлэн найруулж баталсан бөгөөд Үндэсний хороог байгуулах зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэгт нь өөрчлөлт оруулаагүй байна.

Үндэсний хорооны бүтцийг анх бий болгохдоо цаг үеийн тулгамдсан шаардлага, ач холбогдол зэргийг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгчийн институцын хүрээнд байгуулжээ. Гэвч Үндэсний хороо нь өнгөрсөн хугацаанд мэргэжлийн албан хаагчдаас бүрдсэн ажлын албатай болж, үйл ажиллагаа нь хэвшин цаашид тогтвортой ажиллах боломжтой болсон байна. Үндэсний хорооны 20 гишүүний 65 хувь нь Засгийн газрын байгууллагын төлөөлөл байгаа бөгөөд Үндэсний хорооны тогтоол, үүрэг даалгавар биелүүлэх ажиллагааг биечлэн гүйцэтгэх, тайлан ирүүлэх этгээд нь яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн захиргааны байгууллага, тэдгээрээс байгуулсан салбар ажлын хэсэг, хороод байгаа юм

Ингэж ажил үүрэг давхардсан нь төсвийн зардлыг нэмэгдүүлэх үр дагавартай хэмээн үзэж ажлын уялдааг сайжруулах, бүрэн эрхийн давхардлыг арилгах үүднээс Үндэсний хороог цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд бус Засгийн газрын бүтцэд шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.president.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ