"Өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал"
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тамхины хяналтын хуулинд өөрчлөлт оруулахаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг авч, Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. Энэхүү хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "2005 онд тамхины хяналтын тухай хууль гарч, 2012 онд нэмэлт өөрчлөлт ороод 2013 оны 3-р сарын 1-ээс хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэ хуулийн үндсэн зорилго нь дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучуудыг тамхинд орохоос хамгаалах явдал бөгөөд өнөөдрийг хүртэл хэрэгжих явцдаа дээрх үндсэн зорилгоо биелүүлж байгаа гэж бид үзэж байна" гэсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцсан юм.
-Яагаад хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа юм бэ?
-Хуулинд нэмэлт өөрчлөлт заалтуудыг эсэргүүцэж байна. Тухайлбал, Хуулийн 3.1.11 дэх заалтыг “Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг” гэж утаат тамхи татах зориулалтаар тусгайлан бэлтгэж өгсөн агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан тасалгаа” г хэлнэ. Энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа учир нь гэвэл ДЭМБ-аас гаргасан Тамхины суурь конвенцид зааснаар Агааржуулалтын тоног төхөөрөмж бүхий тусгай тасалгаа нь хаалга онгойх хаагдах үед гадагш тамхины утаа алдагдсаар байдаг бөгөөд хавь орчиндоо байгаа хүмүүс дам тамхидалтанд үргэлжлүүлэн өртсөөр байдаг тул тамхины хяналтын хуульдаа Дотоод орчинд тамхины цэг байгуулахыг хориглох ёстой гэж үздэг юм. Харин манай хуулиар тамхи татахыг хориглосон газруудыг зааж өгсөн нь бусад газар тамхи татах нь хориотой биш гэсэн утгатай. Тиймээс задгай газар тамхины цэг бий болгох нь нээлттэй юм. Хэрэв олон нийтийн хоолны газар, бар, ресторан гадна талбайдаа үнсний сав бүхий хогийн сав байрлуулснаар тамхи татах цэгийг байгуулах эрх нь нээлттэй байгаа. Албан байгууллагууд, СӨХ гадаад орчиндоо тамхины цэг байгуулах нь нээлттэй байгаа болно. Мөн Хуулийн 6.7.14 дэх заалтын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглоно гэсэн заалтыг 100 метр болгон өөрчлөх. Эсэргүүцэж байгаа үндэслэл нь сүүлийн таван жилийн судалгаанаас харахад тамхинд анх орж байгаа нас 13-14 наснаас эхэлж байгаа бөгөөд жил ирэх тусам энэ насны тамхидалт эрс ихсэж байгаа, ихэвчлэн сургуулийн хичээлийн завсарлагаанаар хүүхдүүд бие биедээ тамхи татахыг зааж өгдөг, бага мөнгөнд хамгийн ойрын цэгээс ширхэгээр тамхи худалдан авдаг тул хүүхдүүдийг тамхин бүтээгдэхүүнээс хол байлгах үүднээс 500 метрийн зайд тамхи зарахыг хориглосон юм.
Үүнээс гадна Хуулийн 8.4 Тамхи үйлдвэрлэгч шууд, эсхүл өөр байгууллагаар дамжуулан нийгмийн хариуцлага нэрийн доор нийгмийн халамжийн байгууллагад санхүүгийн болон эд материалын хандив тусламж үзүүлэхийг хориглоно гэсний “нийгмийн хариуцлага нэрийн доор “ гэсэн өгүүлбэрийг хасахаар тусгасан байгаа. Дэлхий нийтээр тамхины үйлдвэрлэгчид хөгжиж буй орнуудын ядуу буурай иргэд, тэр дундаа хүүхдэд залууст нийгмийн хариуцлагаа биелүүлэх нэрээр хандив тусламж өгдөг, тухайн тусламжийн цаана тамхины далд сурталчилгаа явагдаж байдаг тул “Тамхины суурь конвенци” д зааснаар тамхи үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагын үйл ажиллагааг хориглосон байдаг.
-Тамхины татварыг тамхины суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар хасахаар тусгасан байсан?
-Тийм ээ. Үүнийг ч гэсэн эсэргүүцэж байна. Монгол Улс нь хамгийн хямдхан тамхин бүтээгдэхүүнтэй улсын тоонд ордог бөгөөд дээрх ковенцид зааснаар жижиглэн худалдааны үнийн 60%тай тэнцэх хэмжээнд онцгой татвар тавих ёстой байдаг. Энэ заалтыг хассанаар тамхи нь хямд үнэтэй байсаар байж, хүүхэд залуус тамхи худалдан авсаар байх болно гэсэн үг юм. Мөн Хуулийн 6.7.15 Баар, цэнгээний газар тамхи худалдах” гэсэн заалтыг хасах гэсэн байгаа. Баар, цэнгээний газар тамхи худалдаалснаар тамхи худалдан авсан иргэн хууль зөрчин тамхи татахыг өөгшүүлж байгаа гэж үзэж байна.
-Та "О.Баасанхүү гишүүн тамхи үйлдвэрлэгчдийн лоббид автсан байна" гэсэн байсан?
-Тамхины хяналтын тухай хууль батлагдах явцад дээрх шаардлагуудыг УИХ-ын гишүүдээр дамжуулан тамхи үйлдвэрлэгчдийн зүгээс лоббидож байсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ лобби үргэлжилсээр байна. Хууль батлагдаад нэг жил болоогүй байхад иймэрхүү лоббид автсан гишүүд хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байгаа нь ёс зүйгүй асуудал гэж үзэж байна. О.Баасанхүү гишүүний хувьд энэхүү хуулийг төслийг хэлэлцэж байх үед Нийгмийн бодлого байнгын хороонд харьяалагддагүй ч дээрх заалтуудыг хасахыг хүсч, хэлэлцүүлэгт сууж байна. Харин лоббид авталгүй энэхүү хуулийн төслийг баталж чадсан. Гэвч өнөөдрийг хүртэл тамхи импортлогч болон үйлдвэрлэгчдийн лоббид автан нэмэлтт өөрчлөлт оруулах нэрийдлээр оруулж ирж байгаад харамсаж байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ