Эцэг эхчүүд цагдаа нартай эргүүл хийнэ
Нийслэлийн 374 жилийн ойг угтан Нийслэлийн цагдаагийн газраас Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлзх үйл ажиллагааг идэвхжүүлэх нэг сарын аяныг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, тэдэнд хууль эрх зүйн мэдээ мэдээлэл хүргэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх чиглэлээр тодорхой ажлуудыг дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мэдээлэл, сурталчилгааны үйл ажиллагаанд түшиглэн Цагдаагийн албаны тухай хуулийг сурталчилж, гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон нийтийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, аливаа халдлага эрсдлээс хамгаалах мэдлэг, чадавхийг бий болгох, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судалж, урьдчилан сэргийлэх арга замын шинэлэг хэлбэрийг бий болгох зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг оролцоо, идэвхийг өрнүүлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд "Гэмт хэргээс урьдчилан сэргийлье” болзолт уралдааныг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 10.0 сая төгрөгөөр санхүүжүүлэн энэ сарын 22 ны өдрөөс ирэх сарын 22 ны хооронд зохион байгууллахаар шийдвэрлэжээ.
Мөн сургуулийн орчинд болон сургууль дээр үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд сурагчдын эцэг, эхийг татан оролцуулах замаар “Сургуулийг аюулгүй, айдасгүй, хамгаалагдсан” орчин болгох зорилгоор Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын эцэг эхийн эргүүлд ажиллуулах “School police” төслийг боловсруулан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлд танилцуулан батлуулсан байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ