Хэний гар хөл болж, түмний доог тохуу болоход хүрэв
XXVII Их хурал болох цаг дөхөм тусам МАН-д ширүүн тэмцэл өрнөж байна. Өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурал дээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр "намын дарга болно" хэмээн хуурай агсам тавьж, хоёр Энхболдын дургүйг хүргэсэн бол генсекийн суудалд нэр нь дэвшээд байгаа Ж.Сүхбаатар ч мөн л гундуу байна. Тэрбээр УИХ-ын гишүүн болж чадаагүй явдал намын хэсэг нөхдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн үздэг бөгөөд энэ ч утгаараа намын Их хуралд шүд зуун оролцоно гэдгээ ч цухуйлгаад байгаа аж. Гэтэл үүнтэй зэрэгцэн Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга, Бага хурлын гишүүн Т.Аюурсайхан МАН-ын даргад нэр дэвшихээр болсноо зарлалаа.
Ийнхүү МАН-ын багачууд даргын суудалд санаархаж, томчууд нь толгой сэгсэрч байна. Т.Аюурсайхан анх Шинэчлэлийн хороог байгуулж байхдаа ямар нэгэн албан тушаалын төлөө ийнхүү тэмцэж байгаа биш. Харин намаа гэсэн сэтгэлийн үүднээс л... гэж тайлбар хийж байсан. Гэтэл тэрбээр өнөөдөр яагаад намын даргад нэр дэвших болов гэдэг нь сонин. Мэдээж намын дарга болж чадахгүй гэдгийг бүгд л мэдэж байгаа. Гэтэл түүний энэ үйлдэл нь санал хуваах гэсэн хэн нэгний тоглолт. Харин хэний гар хөл болж, түмний доог тохуу болоход хүрэв.
Улс төрийн ууган хүчин болох МАН-ынхан Т.Аюурсайхан мэтийн залуучуудаар удирдуулахгүй нь ойлгомжтой. Түүний нэр дэвшиж байгаа нь зөвхөн олны анхаарлыг өөр тийш нь хандуулах гэсэн бас нэгэн зорилготой. Мэдээж МАН-ын даргаар залуу хүн болон заалнаас нэр дэвшээд гэнэт томилогдохгүй. Хэрвээ ийм зүйл болвол нар баруунаас мандана гэдгийн адил болох биз. Хөшигний цаана хэдийн томилгоо хийгдсэн байгаа. Харин яаж тэрхүү эрхмийг олон нийтэд үнэмшилтэйгээр зарлах уу гэдэг нь чухал.
Харин хэдэн залуучууд нь намын шинэчлэл ярьж, түмэн олонд танигдаж байна. Т.Аюурсайханы хувьд өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд 2006-2009 онд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан түүхтэй. Улс төрийн хийгээд ажлын замнал нь ердөө л энэ. Түүнээс биш түүнийг намын шинэчлэл ярихаас өмнө монголчууд байтугай намын гишүүд нь ч таньдаггүй байлаа.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ