Сүлжээ дэлгүүрүүдээс хэд хэдэн зөрчил илэрчээ
ШӨХТГ-аас Хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд шалгалт хийж, бараа кодлоход нэг төрлийн бараа тутмаас 5000-10000 төгрөгийн төлбөр авдгийг хүчингүй болгох, бараа ханган нийлүүлэгч компаниудын бараа буцаалтанд хэт нэг талыг барьсан гэрээг өөрчлөх шаардлага хүргүүлсэн байна.
Тодруулбал "Замбала", "Номин", "Миний зах", "Боса", "Эвридей", "Макс", "Веллмарт" зэрэг наймансупермаркет, сүлжээ дэлгүүрт шалгалт хийхэд тэдгээр дэлгүүр нь харилцагч компаниудаас хамтран ажиллах гэрээний үндсэн дээр шинээр бараа нийлүүлэхэд түүнийг нь кодлуулсан тохиолдолд 5000-10000 төгрөгийг төлбөр авч байжээ. Тухайн төлбөрийг компани тус бүр өөр өөр зүйлд зарцуулдаг гэх боловч кодлох ажиллагаанд тухайн дэлгүүрээс ямар нэг илүү зардал гарахгүй байгаа нь дээрх дэлгүүрүүдийн тухайн төлбөрийг зарцуулдаг байдлаас харж болохоор байна.
Супермаркет, сүлжээ дэлгүүрүүдийн дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Супермаркет, сүлжээ дэлгүүрүүд нь харилцагч компаниудтай хүнсний бүтээгдэхүүн буцаалтын талаар ямар ч хариуцлага хүлээхгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан гэрээний нөхцлийг нийлүүлэгч нарт тулгасан байна. Дээрх үйлдэл нь өөрт ноогдсон үүрэг хариуцлагыг нийлүүлэгч хариуцахаар тулган шаардсан хэт нэг талыг барьсан шударга бус гэрээ болсон гэж үзэхээр байгаа аж. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-ийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
“Номин холдинг” ХХК, “Сонгино хангай” ХХК-иудын хувьд энэ үйл ажиллагаа нь давамгай байдлаа хууль бусаар ашиглан үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардсан буюу Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах...;”-ыг хориглоно гэж заасныг, 7.1.8-т “тухайн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулахад хүргэж болох нөхцөлөөр уг бараа бүтээгдэхүүнийг өөртөө худалдахыг бусдаас шаардах” гэж, 7.1.11-т “тодорхой төрлийнбараа бүтээгдэхүүний талаар хийж байгаа гэрээ, хэлэлцээрт гэрээний зүйлд хамаарахгүй нөхцлийг гэрээнд тусгахыг тулган шаардах, бусад оролцогчид ялгавартай нөхцөл тавих” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн зөрчлийг арилгах арга хэмжээг авчээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ