Эмийн сантай холбоотой стандартанд өөрчлөлт оруулах санал хүргүүлжээ
Энэ сарын 02-ны өдөр Нийслэлийн иргэдийн танхимд Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон Эмийн сангуудын нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон “Жороор олгодог эмийн олголтын байдал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” /MNS 5260-2011/ стандартын асуудлыг хэлэлцжээ.
Уг стандартын 5000 хүн тутамд нэг эмийн сан эсхүл эмийн сан хоорондын зай 500 метрээс багагүй байх” гэсэн заалт нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдод дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно,” 13.2.3-т “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” гэсэн заалтыг зөрчсөн байх тул ШӨХТГ-аас стандартын хууль бус холбогдох заалтыг хүчингүй болгох талаар арга хэмжээ авч ажиллах Эрүүл мэндийн яам, Стандарт хэмжил зүйн газарт санал хүргүүлсэн байна.
“Нийгмийн үйлчилгээний жишиг норматив батлах тухай” Засгийн газрын Засгийн газрын 2010 оны 334 дүгээр тогтоолын 4.3-т заасан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний дөрөв дэхь хэсэгт “Аймаг, дүүрэгт 5000 хүн ам тутамд Монгол Улсын эмийн санд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан эмийн сантай байх” гэж заасан бөгөөд энэхүү заалт нь тодорхой зай хэмжээнд зөвхөн нэг эмийн сан байх, эсхүл эмийн сан хоорондын зайг хязгаарласан талаар ямар нэг зохицуулалт байхгүй байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ