“Грийн ресурс”-ын 172 хятад ажилтан зөвшөөрөлгүй гэнэ үү

Монголын Засгийн газар гадаадын ажиллах хүчийг ашиглахад тавих хяналтыг чангатгах тухай журам гаргасан. Ингэснээр гадаадаас оруулж ирэх ажиллагсдын тоо хүн амын нэг хувиас хэтрэхгүй, үндсэндээ 28 мянгаас давахгүй байхаар тогтсон. Гэтэл энэхүү цаасан дээр буусан тоо бодит байдалтай нийцэхгүй байна.

Бүтээн байгуулалтын улирал эхэлмэгц хятад ажилчдын урсгал манай улс руу чиглэдэг. Бүртгэлтэй, бүртгэлгүй тэдэнд ажиллах виз олдох нь ховор. Ажиллах визгүй тэд ихэвчлэн жуулчны визээр орж ирдэг. Жуулчны визтэй тэд орж ирмэгцээ ажиллах хүч болчихдог. Энэ бол бодит байдал. Гэтэл засгийн эрх барьж байгаа хэдэн нөхөд нь хятад ажилчдын тоо багассан, жуулчдынх нэмэгдсэн гэж бахдалтайгаар ярьдаг. Гэтэл яг үнэндээ тийм байдаггүй. Ажиллах виз нь олдохгүй болсон нөхөд жуулчны визээр орж ирж байгааг жуулчин хэмээдэг үзэгдлийг юу гэмээр юм бэ.

Янз бүрийн визтэй нөгөө хятадууд ажлаа хийхгүй, асуудал тарих нь олонтаа. Бөөнөөрөө монгол ажилтанг зодсон, хүчингийн хэрэг үйлдсэн гээд л нийгмийн бүхий л муу муухайг үйлддэг. Энэ бүхэнд анхаарал хандуулж, хариуцлага оноож байгаа нь цөөхөн.

Гэтэл энэхүү байдалтай тэмцэж, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой Хууль зүйн яамныхан энэ байдлыг өөгшүүлээд байна уу гэж хардмаар. Учир нь тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн шинэ байрыг “Грийн ресурс констракшн” ХХК барьж байгаа. Тус компани нь нийтдээ 172 хятад ажилчинтай бөгөөд ямар нэгэн албан ёсны зөвшөөрөлтэй эсэх нь бүрхэг байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас тодруулахад “Грийн ресурс констракшн” ХХК БНХАУ-аас 25 ажилтан авах гэрээ байгуулсан байна. Гэхдээ гэрээний хугацаа дууссан. Тэднийг өнгөрсөн наймдугаар сарын 27-ны өдөр нутаг буцаасан байх ёстой” гэсэн юм.

Б.Тэнүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ