Шоронд олсон мөнгөөрөө ээждээ хагалгаа хийлгэсэн

ШШГЕГ дэргэдээ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв/МСҮТ/-ийг байгуулжээ. Энэ талаар тус газрын Тогтоол гүйцэтгэх газрын Нийгмийн сэтгэлзүйн хэлтсийн дарга, ахмад Н.Ганхуягаас тодрууллаа.

-Танайх дэргэдээ МСҮТ-тэй болсон гэсэн?

-Тийм ээ. Уг төвөөрөө дамжуулан ял эдэлж байгаа хүмүүст мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээ олгож, мэргэжлийн үнэмлэхтэй мэргэжилтэн бэлтгэж байна. Анхны төгсөлтөөр 100 ялтанд мэргэжил эзэмшүүлсэн. Тэд ялаа эдэлж дуусаад нийгэмд гарахаараа мэргэжлээрээ ажиллах боломжтой. Одоо хоёр дахь ээлжийн хичээл эхэлсэн.

-Хэдий хугацаанд сургадаг юм бэ?

-Хоёр сар онолын хичээл зааж, гурван сар дадлага хийлгэдэг. Таван сарын дараа гэхэд л мэргэжлийн үнэмлэхтэй болчихно гэсэн үг.

-Ямар мэргэжлээр сургаж байгаа вэ?

-Сантехникч, өрлөгчин, засварчин, гагнуурчин, нарын мэргэжлийн мужаанчин гэх мэт найман төрлийн мэргэжил эзэмшүүлж байна. Сургалтад хамрагдсан хүмүүстэй уулзахад өндөр сэтгэгдэлтэй байсан. Урьд нь тэднийг барилга дээр туслах ажилтнаар ажиллуулдаг байсан. Гэхдээ мэргэжлийн биш учраас цалин мөнгө нь ч тааруу. Харин одоо мэргэжлийн үнэмлэх олгож, цаашид амьдралаа аваад явах боломжийг бүрдүүлж өглөө. Гэм буруутай үйлдэл хийсэн ч тэрнийхээ ялыг эдлэх хугацаагаа үр бүтээлтэй өнгөрүүлээд мэргэжил эзэмшээд гарч байна шүү дээ.

-Төлбөр мөнгө авдаг уу?

-Ямар ч төлбөр авахгүй. Манай байгууллага бүх зардал мөнгийг шийдвэрлэж өгч байгаа. Бид ял эдэлж байгаа хүмүүсээс судалгаа аваад сургалтад хамрагдья гэснийг нь хүсэл сонирхолынх нь дагуу мэргэжилтэй болгож байна. Сургалт Улаанбаатарт төвлөрсөн байдлаар явагддаг. МСҮТ-ийн багш нар явуулын байдлаар хичээл заадаг. ШШГЕГ-ын дэргэдэх МСҮТ Амгалангийн 421 дүгээр анги дээр үйл ажиллагаа явуулдаг.

-Хоригдлуудыг сургалтад хамруулахдаа хэрхэн сонгодог юм бэ?

-Тухайн хүний сурах хүсэл эрмэлзэл, боломжийг л харгалзаж үздэг. Түүнээс биш ямар нэг шалгуур тавьж, сурах эрхийг нь огт хязгаарладаггүй. Ер нь сүүлийн үед хоригдлуудыг их дээд сургуульд сурах боломжоор хангаж эхэлсэн. Гурван ялтанг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль болон тухайн ангийн дотоод журамд заасны дагуу их дээдсургуульд хамруулаад байгаа.

-Хоригдож байх хугацаандаа ажил хийвэл цалингаар нь бусдад учруулсан хохирлыг нь төлүүлдэг гэсэн. Төлбөр төлөх ёсгүй хүмүүсийнхийг нь яах вэ?

-Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь тухайн хүнийг хүмүүжүүлэх, бусдад учруулсан хохирлыг төлүүлэх. Ял эдэлж байгаа хүмүүс хөдөлмөр эрхлээд түүндээ тохирсон хөлсийг авдаг. Хэрвээ бусдад гэм хор учруулсаны төлбөр төлөх ёстой бол тэрэнд нь суутгана. Хэрвээ төлбөргүй бол тухайн хүний нэрийн дансанд нь ороод, өөрийнхөө хэрэгцээнд зориулаад явдаг. Өнөөдөр нэрийн дансад багагүй хэмжээний мөнгө хуримтлуулаад хорихоос суллагдаж байгаа хүмүүс цөөнгүй бий. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн ч хүн бий. Саяхан нэг хүмүүжигч энэ мөнгөөрөө ээжийнхээ бөөрний мэс заслын төлбөрийг төлсөн.

-Цалин нь дунджаар хэдэн төгрөг байдаг бол?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалин бодогддог. Ер нь МСҮТ-өөс гадна хорих анги, албад маш олон төрлийн мэргэжлийн болон чадамжийн сургалтын явуулдаг. Тогооч, үсчин гээд л. Саяхан бид “Бакайл” сургалтын төвтэй хамтран 435 дугаар анги дээр хүн машин механизмын сургалт явууллаа. Эхний ээлжийн 20 гаруй хүн хүнд машин механизмын чиглэлээр төгсөөд үнэмлэхээ гардаж аваад байна. Энэ мэтчилэн олон төрлийн сургалт явуулж байгаа. Бид цаашид олон хүнийг хамруулах, өнөөдөр авч байгаа найман төрлийн мэргэжлээ нэмэгдүүлэх чиглэлээр судалж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ