Ерөнхий сайдад Сычуань мужийн дарга бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-26-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Бээжин хотын “Капитал” олон улсын нисэх онгоцны буудалд хоёр талын холбогдох албаныхан угтан авсны дараа айлчлалын бүрэлдэхүүн Сычуань мужийг зорилоо. Учир нь тус мужийн төв Чөндү хотноо энэ сарын 23-27-ны өдрүүдэд болж буй Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд гол зочноор уригдсан юм.

Айлчлалын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуягт Сычуань мужийн дарга Вэй Хун бараалхлаа. “Хятадын 12 муж, хот болон Шинжааны Засгийн газар хамтран жил бүр зохион байгуулдаг баруун бүс нутгийн үзэсгэлэн Хятад ба олон улс хоорондын хамтын ажиллагааны нэгдэл, нөгөөтэйгүүр манай улсын гадагшаа нээж буй том цонх юм” гэж мужийн дарга Вэй Хун хэллээ. Бүс нутгийн чанартай болж өргөжсөн энэ үйл ажиллагаандаа жил бүр гадаадын төр, засгийн нэг тэргүүнийг урьж оролцуулдаг уламжлалтай бөгөөд 14 дэх удаагийн үзэсгэлэнд урилгыг нь хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт талархал илэрхийллээ. Сычуань муж, Монгол Улс хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөхөд дэмжлэг хүсч байгаагаа мужийн дарга уулзалтын үеэр тэмдэглэлээ. Түүнчлэн, 2008 онд тус мужид тохиолдсон газар хөдлөлтийн үед хүмүүнлэгийн тусламж үзүүлж, мөн гамшигт өртсөн 60 хүүхдийг эх орондоо урьж амраасанд мужийн ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал дэвшүүллээ.Эдийн засаг нь өндөр өсөлттэй, байгалийн арвин баялагтай, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээ онцгойлон хөгжүүлж чадсан Сычуань мужаас харах туршлага, хамтрах салбар олон бий гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Ийм ч учраас БНХАУ-ын Баруун бүс нутгийн үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, Монголын талаас анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй ирж оролцож байгааг энэ үеэр онцолсон юм. Монгол Улсын аль нэг хотыг Сычуань мужтай “нөхөрлүүлбэл” илүү үр дүнтэй, бүтээлчээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тэмдэглээд, энэ хүрээнд яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ. Сычуань нь Хятад улсын баруун өмнөд хэсгийн нэг муж хэдий ч манай улсаас 30 дахин олон хүн амтай, үүний дээр олон улсын хөрөнгө оруулалт татаж хөгжсөн том зах зээл. Иймд боломжит нөөц, баримтлах бодлого чиглэл гээд ижил төстэй олон салбарт хамтран ажиллах боломж бий гэдгийг дурьдлаа.Айлчлалын хүрээнд мөн Ерөнхий сайд БНХАУ-ын зүүн хойд нутагт орших Ляонин мужид очно. Энд Монгол-Хятадын ажил хэргийн уулзалтад оролцож, Шэньян хотын бага сургуульд зочилж, “Хуй Шань” хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парк, “Мэнню” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах юм. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн айлчлалынхаа төгсгөлд БНХАУ-д ажиллаж, сурч буй монгол иргэдтэйгээ Бээжин хотноо уулзалт хийх юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нарын БНХАУ-д хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам тээврийн сайд А.Гансүх, БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг, ҮХАА-н дэд сайд Ц.Туваан болон холбогдох яам, агентлагийн удирдлагууд ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ