Их мөнгөөр юу хийхээ мэдэхгүй эрх хүүхдүүд
Энэ үгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэн байгуулахдаа хэлж байсан юм. Тэгэхэд Монгол Улсын ДНБ өмнөх дөрвөн жилийнхээс 60 хувиар буюу 4,2 их наяд төгрөгөөр өсч, гадаад худалдааны нийт эргэлт 5,7 тэрбум ам.доллар буюу 100 хувь нэмэгдсэн байлаа.
Ийм их боломжин дээр Н.Алтанхуяг 18 сайдтай, 16 яамтай Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-аар батлуулахын тулд “Хэрэв бид орж ирсэн мөнгөө чиг үүрэг нь тодорхой яамдад хуваарилж, ажлыг нь үүрүүлэхгүй бол хэн нь хаана юу хийх нь харагдахгүй, хэн нь хэнд хяналт тавих нь тодорхойгүй болж, нэг салбарыг хөгжүүлэх нэрээр нөгөө салбараа цохиж унагах аюултай.
Их мөнгөөр юу хийхээ мэдэхгүй эрх хүүхэд шиг байж болохгүй. Энэ бол Грекийн долоон жилийн тансаглалын дараах есөн жилийн хомсдлыг бид үзэхгүй, давтахгүй гэсэн алхам билээ. Зориулалтын мөнгийг зориулалтаар нь ашиглая” гэж байсан.
Харамсалтай нь өнөөдөр улсын төсөв 1,5 их наяд төгрөгөөр сох дутаж, хөрөнгө оруулалт 500 тэрбумаар тасарч, төсөвт дахин тодотгол хийх гээд тархиа шааж сууна.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал 2012 оны есдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн барьсан төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг оны эцэст найман хувиас хэтрүүлэхгүй байж, улмаар 2014-2015 онд инфляцийг 5-7 хувийн түвшинд байлгах нөхцөл бүрдүүлнэ гэж амласан.
Гэтэл инфляци хоёр оронтой тоон дээр л цохиж явна. Саяхан парламентад өргөн барьсан 2014 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлдөө инфляцийг оны эцэс ойртуулж байгаад найман хувь руу дөхүүлнэ гэх маягтай тусгажээ.
Эрхмүүдийн хэлсэн ярьсан яагаад алд дэлэм зөрөөд байдаг юм болоо. Энэ оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтад нэг обьектыг төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн багцад тусгасан, мөн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгахдаа яаж шийдэгдэх нь ойлгомжгүй, төсвийн төсөл боловсруулахад макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа хэрхэн хангагдаж буй нь тодорхойгүй зэрэг зөрчил элбэг тохиолдож байгааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өгүүлэв.
Ер нь манай улсын хувьд төсвийн хэлэлцүүлэг хийхэд шаардлагатай техник хэрэгсэл, программ хангамж, мэдээллийн цогц бааз суурь бүхий зохион байгуулалт, мэргэжил, арга зүй, судалгаа шинжилгээний үйлчилгээ үзүүлдэг дагнасан нэгж байхгүй байна.
Иймээс Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг тооцоо судалгаагүйгээр батлах, оруулж ирсэн төсвийн төсөлд үндэслэл муутай ихээхэн өөрчлөлт оруулах, төсөвт тодотгол хийх нэрээр нэг жилд төсвийг олон дахин батлах, батлагдсан төсвийг хэрхэн зарцуулж байгаад парламентаас тавих хяналтын цогц механизм бүрдээгүй зэрэг архаг дутагдал газар авчээ.
Парламентын засаглал хөгжсөн Бельги, Канад, БНСУ, Унгар зэрэг оронд парламентыг төсвийн хараат бус мэдээлэл /Засгийн газар, Сангийн яамны мэдээллээс гадна/, судалгаа шинжилгээгээр хангадаг бие даасан нэгж ажилладаг байна.
Эдгээр нь төсвийн алба, санхүүгийн зөвлөл гэх мэт өөр өөр нэртэй боловч мэргэшсэн чадварлаг баг ажилладаг нь парламентын гишүүдийг шаардлагатай мэдээллээр хангаж, зохих тооцоо судалгаа хийж өгдөг нь манай УИХ-ын мэдлэгт биш мэдрэмждээ түшиглэж ажилладаг ихэнх гишүүдэд ихээхэн тустай билээ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ