Г.Буяндорж хохирогчоор тогтоогдож эхэллээ
Дуучин Т.Ариунаагийн нөхөр, “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг их хэмжээний мөнгө залилсан байж болзошгүй хэрэгт буруутган УМБГ-т шалгаж байгаа. Түүнийг мөрдөн байцаалтын үед дуудсан цагт ирээгүй, оргон зайлсан гэсэн үндэслэлээр өнгөрсөн наймдугаар сараас эхлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.
Тодруулбал, “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгт гэх эмэгтэй 2011 онд Г.Буяндоржоос Сэлэнгэ аймагт бүртгэлтэй нэгэн компанийг худалдан авсан гэдэг.
Энэ талаар С.Билэгт “Миний хувьд 2011 онд Г.Буяндоржоос “Ноёд констракшн” гэдэг Сэлэнгэ аймагт бүртгэлтэй компанийг худалдаж авсан. Барилгын карказ төдий байхад нь худалдаж аваад 13 давхар орон сууц болгосон. Хөрөнгө босгоод дараагийн ээлжийн орон сууцаа бариад явсан. Гэтэл нэг өдөр Г.Буяндорж “Энэ миний компани” гээд хууль бус шийдвэрийг шүүхээс гаргуулаад ирсэн. Миний хувьд орон сууцны барилгыг 540 сая төгрөгөө бэлэн тоолж өгөөд авсан. Г.Буяндоржтой худалдах, худалдан авах гэрээ хийсэн.
Газар нь 700 метр квадрат гэсэн гэрчилгээтэй ч өөр барилгын кадастр зураг байсан. Үүнийгээ янзалж өг гэхээр утсаа салгаад алга болчихсон. Тэгэхээр нь би газраа хөөцөлдөн байж кадастрын зургаа хийлгэсэн юм шүү дээ. Г.Буяндорж дулаан, цахилгааны зөвшөөрөл авч өгнө гээд хэдэн арван сая төгрөгөөр нэмж хулхидсан. Бид аргаа бараад 110 сая төгрөгөөр бойлуур тавьж асуудлыг шийдэж байсан.
Цахилгаанаа ч 210 сая төгрөгийн зардал гаргаж шийдсэн. Г.Буяндорж намайг залилсан” хэмээн хэвлэлээр мэдээлсэн. Харин үүний хариуд Г.Буяндоржийн эхнэр дуучин Т.Ариунаа “С.Билэгт “Ноёд констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа их хэмжээний мөнгө шамшигдуулсан, залилангийн хэргээр шүүхээр нэг удаа шийтгүүлж байсан юм билээ. Иргэдээс болон “Ноёд констракшн” ХХК-ийн мөнгө, хөрөнгийг залилан авсныг тогтоогоод хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Мөн Нийслэлийн ШШГЕГ-ын 404 тоот өрөөнөөс “Ноёд констракшн” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдгийг хулгайлсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст эрүү үүсгэн шалгаж байгаа. Одоо Г.Буяндорж хохирогч болоод байна. Энэ эмэгтэй манай компанийн барьсан 808 айлын орон сууцыг булаачихаад байна. Бидний хөрөнгийг булаахын тулд хэвлэл мэдээлэл, хууль хяналтын байгууллагыг ашиглан дарамтлах гэж улайрч байна шүү” хэмээн мэдэгдсэн юм.
Харин уг асуудалд өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тайлбар хийлээ. Тэрээр “Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн” гэх тайлбарыг өгсөн. Тэгэхээр мөрдөн байцаалтын явцад Г.Буяндорж хохирогчоор тогтоогдож эхлээд байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, С.Билэгт гэх эмэгтэй Г.Буяндоржоос 14 тэрбум төгрөг луйвардахын тулд ийнхүү хуурамч материал бүрдүүлсэн гэлээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ