Өвөлжилтөөс гадна хаваржилтаа ч ярих ёстой

“Аавдаа юу яахыг заана” гэдэг шиг Засгийн газартаа ганц нэг үг хэлмээр санагдана. Иргэд биднийхээ дуу хоолойг сонсдог эсэхийг нь харин мэдэхгүй юм. Уг нь “Цаас чичихээс нааш” гэдэг хэлц бас бий. Өвөлжилт өнөөдрөөс хаяанд ирэв. Засгийн газар төсвөө тодотгоод завгүй. Гэхдээ хэрхэн өвөлжихөө мартаагүй байх. Аль намраас хямд нүүрс энэ тэр гээд ярьсан даа. Тэгэхээр нэгийг бодож байгаа нь лавтай. Энэ зөв л дөө. Зарим өөнтөгч нөхөд “Ерөнхий сайд гурил, нүүрс шуудайлах төдийг ярьж байна” хэмээн шүүмжлэх аястай. Олон ургалч үзэлтэй газар байх л зүйл. Ургацаа ч овоо хураачихав бололтой. Улаан буудай 470 орчим мянган тонныг авчээ. Энэ нь төлөвлөсөн хэмжээнээс 20 гаруй мянган тонноор дутуу юм байх. Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тайлбарлажээ. Эрс тэс уур амьсгалтай оронд энэ байтугай нь тохионо.Экспортолж сүйд болохгүй ч эндээ болоод байх янзтай юм билээ.

Ногоо байхад махаар яахав гэхээр цаг үе ч гэлээ монголчууд өөх хүсэхгүй өвөлжиж барахгүй. Нөөцийн мах гээчийг өнгөрсөн жилийнхээс арай өөрөөр бэлдэх болжээ. Олдсон мэдээгээр 14 мянган тонн мах бэлдэх бололтой. Зай ч байна, лай ч бий. Явцын дунд нэмэх, хасах юм гарахыг үгүйсгэхгүй. Тэгээд оны өмнөхөн худалдаанд гаргах ажээ. Тэр бас зөв. Шинэ жил, удалгүй тохиох “Цагаан сар”-аар зовохгүй. Цахилгаан станцуудын талаар хэл ам гарахгүй байхыг бодоход хотлоороо ямар ч байсан даарахгүй нь ээ. Утаатай, утаагүй зуунхыхаа учрыг олчих байлгүй дээ. Энэ мэтээс үзвэл ирэх өвлөөс нэг их айхааргүй дүр зураг харагдана. Бид өмнө нь өвөлжилт гэсээр байгаад, хаваржилтаа мартчихдаг байв. Хаваржилт өвөлжилтөөсөө ч хэцүү байх талтай. Юуны туханд хүрэлгүй мал төллөөд эхэлчихнэ. Зэрэгцээд зуд турхан болно. Болохгүй бол бүр сайн байлгүй яахав. Гэхдээ бэлэн байхад гэмгүй.

Ургац хураалтын үеэр малын 30 мянган тонн тэжээл бэлджээ. Өвс, хадлантайгаа нийлэхээр багагүй л юм болно доо. Малын тоо, толгой өнгөрсөн жил 45 саяд дөхсөн. Түүнийгээ нэмэхэд болоод л явчихна. Мал төллөхийг гэтэлчихвэл өөр нэг их ажил өрнөдөг билээ. Газар тариалан гэдгийг надаар хэлүүлэлтгүй биз ээ. Газраа хагалах, трактораа бэлдэх ч болчихно. Хэдэн га-д хэдийг тарьж, хэрийг авах вэ гэдгээ одооноос бодохыг захих гээд байна л даа. За тэгээд хотынхоо тохижилтод анхаарах нь зүй. Японууд “сакура” гээд л үхэлддэг. Бид “монос” гээд үзвэл яасан юм. Сакурагийнх шиг сайхан цагаан цэцэг дэлгэрдэг шүү дээ. Үнэрийг нь яана. Тийм гоё үнэртэй цэцэг үгүй л болов уу. Хотынхоо төвийг ядаж “моносдож” орхимоор санагдаад болдоггүй. Зам, гудамж, талбайгаа ч засна. Гэхдээ болж өгвөл өнөө жил зассаныг биш шүү. Шинийг. Бусад нь хорвоогийн жаягаар болох буй за.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ