Гурван Энхболдын тавилан

“James bond 007”

Энхтуяагийн Энхболд. 1987 оны арваннэгдүгээр сарын 22-нд төрсөн, нумын орд. Түүний төрсөн сар, өдөр нь ихэд бэлгэшээлтэй. Арваннэгдүгээр сарын 22 буюу хоёр нэг, хоёр хоёрын дараалал болдог юм.

Загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод баттай хана хэрмээ босгож чадсан загвар өмсөгч эрчүүдийн нэг бол “Asian model star” өргөмжлөлт Э.Энхболд юм. Тэрээр нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа, би өөрийгөө “James bond 007” гэж үргэлж төсөөлдөг" хэмээн өгүүлсэн нь түүний амжилт бүтээлтэй салшгүй холбоотой болов уу.

Тэрээр 2005 онд Нийслэлийн 62 дугаар сургууль дүүргэж, 2008 оноос эхлэн загвар өмсөгчөөр ажиллаад, үүнээс өмнө СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцжээ. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийг урлаг судлаач, дуучин, жүжигчин мэргэжлээр төгссөн байна. Харин өдгөө СЭЗДС-д Бизнес удирдлагын ангид суралцахын зэрэгцээ “Моннис” компанийн борлуулалтын хэлтэст ажилладаг.

“Говь” брэндийн нүүр царай болсон Э.Энхболд топ модель Д.Пүрэвсүрэнтэй олон рекламд тоглож амжсан нэгэн. Загварынхан гэхээр л топ хэдэн моделиудаар төсөөлдөг хэвшил болсон ойлголтыг эвдэн, загварын ертөнцийн шинэ өнгө төрх болон гарч ирж байгаа залуусын нэг бол Э.Энхболд зайлшгүй мөн билээ. Тэрээр “Монгол модель” агентлагийн гэрээт загвар өмсөгч төдийгүй Монголын дизайнеруудын холбооны гэрээт моделиор ажилладаг. Залуу модель энэ бүхнээс өмнө "Сентоза" олон орны хоолны газрын дор байрлах пабд зөөгч байсан гэдэг.

Мөн саяхан Сири улс руу явж байна хэмээн худлаа ярьж карьераа өсгөх гээд амжилтгүй болж, ажлаасаа халагдсан “Eagle” телевизийн сэтгүүлч Улмаа түүний зөөгч андуудынх нь нэг гэдэг юм билээ. Тэд зэргэлдээх пабтайгаа үйлчлүүлэгчдээ булаалдан хэсэгтээ л манаргадаг байжээ. Юутай ч эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэгчээр Энхболд өдгөө загварын тайзнаа үнэлэгдсэн модель болоод амжжээ.

Загвар өмсөгчдийн дунд "Эндиго" нэртэй тэрээр багадаа онгоцны нисгэгч болохыг мөрөөддөг байсан гэдэг. Гэвч аравдугаар ангиасаа энэхүү мөрөөдөл нь загвар өмсөгч болж хувирчээ. Тэрээр арван жилдээ тийм ч сайн сурлагатай байгаагүй гэнэ. Бас ч гэж шаггүй дуулдаг, эвлэгхэн хоолойтой болохоороо орон нутгаар гурван ч удаа бие даасан тоглолт хийж явсан, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хамтлагийн гишүүн нь байсан гэнэ билээ шүү. Тиймдээ ч “Камертон-2” шоунд оролцохоор бүртгүүлчихээд, олны хэл амны бай болно гээд нэрээ татсан гэдэг. Орсон бол одоо “Бид дөрөв” хамтлагийн гишүүн болчихсон ч явах байсан юм бил үү.

Түүний гэргий нь “Урлах эрдэм” дээд сургуулийн багш Д.Отгонжаргал хэмээх бүсгүй байдаг. Мэргэжилдээ авьяастай, нэр хүндтэй дизайнер. Өмнө нь тэд өөрсдийн хайр сэтгэлийн холбоог олноос нууцалж, эрс үгүйсгэдэг байсан ч, ойрын хүрээнийхэн нь дурлалт хосын харилцааг ихэд дэмждэг байсан гэх. Урлах эрдэм загварын товчоонд түүний эхнэр, Нямцэцэг гээд хамтрагч дизайнертайгаа Монголд анх удаа эрэгтэй хувцасны коллекц гарган танилцуулж байх үеэр Энхболд эхнэртээ дурлаж орхиж. Ингээд дурласан хүнээ ч өөрийн болгож, таван жилийг ардаа үджээ. Одоо тэр хоёр Э.Тэгшзаяа нэртэй хөөрхөн охинтой болоод хоёр жилийг үджээ. Тэр их шүтлэгтэй болохоороо охиныхоо нэрийг сонгох гэж Гандантэгчинлэн хийд орж, хамба лам Сангидоржоос асуусан гэнэ лээ. 23 насандаа аав болсон Э.Энхболд тухайн үед хоолой нь чичрээд, нулимс цийлэгнэсэн хэрнээ их сонин, сайхан мэдрэмж төрсөн хэмээн ярьжээ.

Олон охид араас нь гүйдэг ч, хэн нэгэнтэй нэр холбогдоод байх нь цөөхөн. Гэвч “Гурван охин” хамтлагийн дуучин Солонготой нууцаар үерхдэг гэсэн нэр зүүгээд амжсан. Бүр Соког хаяад энхэртэйгээ нийлсэн нь Солонгод маш хүнд тусч, одоо ч Э.Энхболдыг мартаж чаддаггүй гэлцдэг юм билээ.

Английн Кент хотноо болсон “MR world 2013” тэмцээний үеэр Э.Энхболд төрийн шагналт Б.Шаравын “Аав л ээж хоёр минь ” дууг дуулахад тус тэмцээнд оролцогч болон үзэгчид хэлийг нь ойлгохгүй байсан хэдий ч, аянд нь уяран суусан гэдэг. Тэрээр аялгуут сайхан дууны хүчээр “MR world 2013” тэмцээний "Авьяаслаг арван мистер"-ийн нэгээр тодорч байв. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард БНСУ-ын “Korean model association”-ы шилдгээр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч.

Гэр бүл дотроо өвлийн өвгөн нь Э.Энхболд. Тэрээр жил бүрийн 31-ний өдөр өвлийн өвгөн болдог уламжлал тогтоогоод дөрвөн жил болж байна. Хүүхэд баярлуулах туйлын сонирхолтой. Учир нь тэрээр багадаа өвлийн өвгөн байдагт чин сэтгэлээсээ итгэж, гоё бэлэг авахыг хүсдэг байжээ.

Моод хөөдөг залуу

Зандаахүүгийн Энхболд өдгөө 47 настай. Тэртээ 1966 оны тавдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Зандаахүү нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат. Ээж нь техникум төгссөн бол аав нь ХААДС-д нэг жил сураад орхисон аж. Ийнхүү хоёулаа Улаанбаатарын Гурилын үйлдвэрт ажиллаж байжээ.

Орос, англи хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой УИХ-ын дарга маань их ч олон сургууль соёлын ард гарч, юм үзэж нүд тайлсан хүн юм билээ. Орост сурахаар очоод анх удаа жинс өмсч байжээ. Тэрээр жинс авч өмсөхийн тулд хоёр сарынхаа стипенд болох 140 рубль цуглуулж байсан гэдэг. Бас л их моод хөөдөг залуу байсан нь харагдаж байгаа шүү.

Ам бvл тав. Эхнэр, хоёр хүү, хоёр охины хамт амьдардаг. Бас ч гэж хүүхэн шуухантай нэр холбогдоод байдаггүй “цэвэрхэн” нэгэн.

1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль, 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль,1996 онд Монгол Улсын Их сургууль, 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн. Автоматик, телемеханикийн инженер, эрх зүйч мэргэжилтэй. Олон улсын Бизнесийн удирдлагын магистр.

Тэрээр 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийг төгсч ирээд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр хийж ажлын гараагаа эхлэв. Улмаар 1989-1991 онд “Монел” фирмд инженер, 1991-1993 онд “Эрэл” ХХК-ийн захирал, 1993-1996 онд “Интер” ХЭАА-н эзэн, 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга, 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2004-2005 онд Төрийн өмчийн хорооны даргаар тус тус ажиллаж байлаа.

1996 оны УИХ-ын сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл үнэмлэхүй ялалт байгуулахаас өмнө соцдек З.Энхболд “Интер” гэдэг хувийн компанитай, нийслэлийн Баянзүрх дүүрэгт оросуудаас хоёр байшин худалдаад авчихсан, бас "Мэргэжилтний 20 дугаар дэлгүүр"-ийн хувьчлалд оролцож байсныг мэдэх юм. Харин эвсэл сонгуульд ялснаар Төрийн өмчийн хорооны даргаар томилогдов. Энэ бол аль ч улсад хамгийн хэл амтай ажил. Тэгэхэд орон даяар явагдаж эхэлсэн өмч хувьчлал ямар нэг хэмжээгээр зогсонги байдалд ороод байсан цаг. Төрийн өмч эзэнгүйдэж, хувьчлагдсан объектууд эх захгүй хөглөрч, Улсын өмч хувьчлалын комисс ухаанаа олохоо байсан үе. Иймээс комиссыг хороо болгож, төрийн өмчийг тоолж, өмч хувьчлалын бодлогыг эрчимжүүлэх олон шийдвэр, төслийг шавилхан биетэй, ихэд хэрсүү, өндөр боловсролтой, өвөрмөц хурц сэтгэлгээтэй З.Энхболд Засгийн газрын хуралдаанд оруулж ирсэн. Тэр ТӨХ-ны дарга болоод төрийн өмчийг төсөл сонгон шалгаруулалтаар хувьчилдаг байсныг болиулж, дуудлага худалдаагаар шийддэг болгосон. Дуудлага худалдааг тэргүүн зэрэгт тавьсан нь аливаа албан тушаалтнаас өмч хувьчлах үйл явцыг хамааралгүй болгож, нэг үгээр хэлбэл төрийн албан хаагчдыг авлига, хээл хахуулиас сэргийлж, өмчийг өрсөлдөөнөөр хувьчилж авдаг болсон учир хуйвалдлаа, үнэгүй өглөө, бэлэглэлээ гэх мэт явган яриа ор мөргүй арилжээ.

Мөн энэ албан тушаалд байхдаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ш.Отгонбилэгийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаж “Төр өмчөө мэддэг юм” гэсэн алдарт үгээ унагаж байв. Тухайн үед хэлтсийн дарга байсан Д.Одхүү Ш.Отгонбилэгийн өрөөний хаалга үүдийг хэмхлүүлж, тамга тэмдгийг нь хураан авч, шуугиан тарьж байсан билээ.

З.Энхболд 2005-2008, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2008-2011 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын алба хашиж байгаад өнгөрсөн жилийн сонгуулиар дахин сонгогдож, улмаар УИХ-ын даргын алба хашиж буй.

Дөрвөн хүү, нэг охинтой айлын хамгийн том нь аж. Багадаа хичээл номонд дуртай, сурлага сайн, хичээнгүй сурагч байсан гэх. Гэрийнхээ хажууд байдаг мод боловсруулах үйлдвэрийн номын сангийн бүх номыг уншиж дуусгасан гэдэг. Бас хөл, сагсан бөмбөг тоглодог, хөнгөн атлетикийн тэмцээнд ордог намхан бор хүү байсан гэнэ билээ.

Түүний багын бас нэг хөгтэй явдлыг дурсая. З.Энхболдыг бага байхад гэрт нь дээр үеийн “Родина” гэдэг радио, пянз тоглуулагчтайгаа байжээ. Бага ангид байхдаа “энэ радио ер нь яахаар дуугараад байдаг юм, дотор нь хүн байхгүй байхад” гэж бодоод нөгөөх “Родина”-г задалж байсан хөгжилтэй түүх бий гэнэ. “Задлан шинжилгээ" хийсэн “Родина”-гаа долдугаар ангид орсон хойноо зассан аж.

УИХ-ын хамгийн заргач гишүүн гэдэг тэр спикер болсныхоо дараа “Сөрөг хүчний шүүмжлэлээс авах юм байдаггүй” хэмээж байлаа. Энэ нь шинэ УИХ-ын дарга сөрөг хүчний үгийг хүлээж авахгүй гэсэн үг гэж зарим нь тайлбарладаг. Тиймдээ ч МАН-ынхан З.Энхболдыг цөөнхтэй зөвшилцөлгүй сонгогдсон хэмээн нэг л ёозгүй ханддаг билээ.

76 гишүүн дотроо хамгийн намхан нь хэдий ч З.Энхболд хойд хөршийн томчуудын өөдөөс улс эх орныхоо эрх ашгийн өмнөөс том дуугарч чадаж байсан төрийн "том" түшээ. Ойрын хүн нь Төрийн өмчийн хороонд хамт ажиллаж, УИХ-ын танхимд хамт сууж байсан Д.Одхүү, харинүзэж чаддаггүй хүн нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж гэнэ билээ.

“Тэр чадна аа”

Баатарын Энхболд. 1986 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр айлын ганц хүү бөгөөд эгч, эмэгтэй дүүтэй. Одоо гэр бүлийн хүн болон охин дүүтэйгээ гурвуулаа амьдардаг. 1994-2002 оны хооронд нийслэлийн 14-р сургуульд, харин 8-10-р ангиа Анагаах ухааны их сургуулийн лицейд суралцаж төгссөн байна.

Багаасаа гэр бүлийн хүмүүжил дунд, аав ээжийн зөв хэрнээ хатуухан гарт өссөн болохоор айхтар хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байсангүй. Ерөнхийдөө даруухан нэгэн байж.

Тэр баян цатгалан амьдралд өсөөгүй ч байгаадаа сэтгэл хангалуун, халуун дулаан уур амьсгалтай, ажилчин ангийн гэр бүлийн гишүүн. Түүний ээж Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанид борлуулалтын менежер хийж байгаад бурхан болжээ. Харин аав нь насаараа цагдаагийн байгууллагад зүтгэсэн, БЗД-ийн цагдаагийн хэлтсийн дарга хийж явсан, хурандаа цолтой хүн бий.

Б.Энхболд одоо “Уурхайчин” багийн тамирчин, волейболын спортын мастер цолтой. Баярсайхан дасгалжуулагчтай энэ клубт урилгаар орж, тамирчин нь болсон чадвартай нэгэн залуу. Энэ клубтээ харьяалагдаад арван жил болж, олон ч уралдаан тэмцээнээс өнгө өнгийн медаль хүртэж байж. Багийн ахлагч нь болохоор хамт олноо удирдаж явна гэдэг амаргүй асуудал. Харин Б.Энхболд энэ бүхнийг зохицуулж, үнэхээр ахлагч хүний нарийн ухаан гаргаж, эв эеийг хичээж, багаа удирдсан шиг удирдаж яваа тамирчин.

Багадаа өөрийгөө спортод ингэтлээ сонирхолтой болно гэж төсөөлөө ч үгүй явжээ. Харин усанд сэлэх дуртай байсны хувьд хичээлд ороогүй байхдаа ах, эгч нараа дагаж Туул голд их шумбадаг байсан гэх. Харин ээж нь хүүдээ санаа зовсондоо усанд сэлүүлэх тун дургүй байж. Тиймдээ ч “Чи спортоор хичээлэх дуртай бол өөр юмаар оролд” гэж.

Энхболд ч ээжийнхээ зөвлөснөөр сургуулийнхаа волейболын секцэнд бүртгүүлснээр энэ спортод хөл тавьжээ. Одоо тэр волейболоор хичээллээд 14 жил болох гэж буй.

Тэрээр 2010 онд ШУТИС-ийг Хүнсний үйлдвэрлэлийн удирдлага мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсөөд, нэг л жил ажиллажээ. Харин дараа нь нэг найзтайгаа хамтран судалгааны чиглэлийн хувийн компани байгуулаад, амьдралд хөлөө олох гэж онож алдаж л явна. Мэдээж шинээр эхэлж байгаа юм бүхэн бүтэмжтэй, амжилттай явна гэж үгүй. Зовлон бэрхшээлийг давж гарах сэтгэлийн тэнхээтэй, залуу хүн цаашид амьдралаа авч явах ёстой гэдгээ ухамсарласан болохоороо хичээсээр л, ажилласаар л.

Түүний баримталдаг зарчим нь юм юмыг хослуулж, өөрийн чадах юу байна, нөөц бололцоогоо бүгдийг ашиглах хэрэгтэй гэж. Тиймдээ ч ажлаа ч, амьдралаа ч, спортоо ч хаяхгүй, бүгдийг нь нэг зэрэг амжуулж явна.

Түүний гэргийг Б.Ариунзаяа гэдэг. Эмч мэргэжилтэй. Дөрвөн жилийн өмнө таньдаг нэгэн охинтойгоо таарахад нь түүний эхнэр хамт явж байж. Мань хүн ч анхны харцаар сэтгэл алдарсан гэдэг. Тэгээд тэрнээс хойш дөрвөн жил үерхээд, цуг амьдраад, одоо гэр бүл зохиох гээд явж буй.

Боловсролтой, мэдлэгтэй, хийж бүтээж яваа сайхан залуус зөндөө байгаа ч нэг хэсэг нь нийгэмд гүйцэтгэх иргэн хүний үүргээ гүйцэтгэж чадаагүй байж эргүүлээд улс эх орноосоо илүү ихийх хүсч, шаарддаг залууст тэр шүүмжлэлтэй ханддаг. Хүн нийгэмдээ хэрэгтэй зүйл хийж, өөрийн гэсэн байр суурьтай болсныхоо дараа нийгмээсээ хүсэх зүйлээ нүүр бардам шаардах нь зүйн хэрэг гэж тэр үздэг. Түүний хэлэх дуртай үг нь “би чадна аа”.

Түүний зорилго нь сайн сайхан амьдрах. Хамгийн эрхэм зүйл нь гэр бүл. Гэр бүлийнхэн нь элэг бүтэн, сайн сайхан аж төрж байвал л түүний зорилго биелж буйн илрэл тэр. Айлын охин үрийг жаргаана гэж авч сууснаас хойш түүнийхээ төлөө л ажиллаж амьдрах ёстой гэж тэр ярьсан. Бас чадал нь хүрээд, тэжээж чадах л юм бол аль болох олон хүүхэдтэй болохыг хүсдэг гэсэн. Түүний нэг хобби нь шил зүүх бас цуглуулах. Харин хамгийн хэцүү нь зүүж явсан шилээ энд тэнд хаячихдаг нэг гэмтэй гэнэ билээ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ