Ш.Батхүүгийн өрийг Засгийн газраас нэхсэн
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй “Зангиагүй уулзалт” хийлээ. Тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн асуудал юу болсон бэ?
-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг цэргийн анги байсан. Гэтэл цэргийн анги дотор жагсаал, цуглаан хийх зэрэг хуулиар хориотой. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Гэтэл манай төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар хувьчилж авах төлөвлөгөө гаргаад сууж байсан. Тэгсэн хэрнээ үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй. Тиймээс бид цэргийн ангийг нэгдсэн зохион байгуулах гээд Батлан хамгаалах эмнэлэгтэй нэгтгэсэн. Одоо бол Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу Батлан хамгаалахын дугаар бүхий цэргийн анги тэнд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх цэргээс сахилга бат яаж мөрдөгддөг тэр зарчмаараа явж байгаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэрэг юу болж байна вэ. Н.Номтойбаяр өөрийгөө хүн хутгалаагүй. Цагдаагийн байгууллага ташаа мэдээлэл цацаж байна гэдэг?
-Үнэн худлыг шүүх эцэслэн тогтооно. Гэхдээ хутгалуулсан гэх иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мэдүүлгээ өгсөн. Тиймээс наана нь Н.Номтойбаяр хүн хутгалсан, үгүй гэдэг асуудлыг ярих нь утгагүй юм. Ямартай ч хэн нь эхэлж маргаан үүсгэснийг нарийн шалгаж тогтооно. Мунзуй Г.Нямдорж гэх иргэн өмнө нь ял шийтгэл эдэлж байсан. Энэ хүнтэй холбоотой маргаан бий. Ер нь УИХ-ын гишүүн байх эсэх нь хамаагүй хэрэг үйлдсэн л бол хариуцлагаа хүлээнэ.
-Энэ Г.Нямдорж гэдэг хүн өмнө нь ял эдэлж байсан. Гэтэл саяхан Налайх дүүрэгт буун дуу гарч хүний амь нас эрсэдлээ. Хэргийг “атаман” хүний хүүхэд байсан гэх?
-Энэ хэргийн ард гэмт хэргийн ертөнцөд өөрийгөө атаман гэж үздэг байсан хүмүүсийн хүүхдүүд холбогдсон гэдэг асуудал яригдаж байгаа. Миний зүгээс өмнө нь олон удаа гэмт хэрэгт холбогдсон, олон жил хоригдоод суллагдсан этгээдүүд хуулийн байгууллагын хараа хяналтад байна уу гэх асуудал тавьсан. Тодруулбал, өмнө нь удаа дараа гэмт хэрэг хийж байсан хүмүүс хаана юу хийж байгаа вэ. Та нарын хяналтанд байгаа юу? гэсэн асуудлыг тавьсан.
-Тэгээд ямар хариу өгөв?
-Хяналтад байгаа гэсэн хариу өгсөн. Гэмт хэргийн ертөнцөд зартай гурван хүн хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа юм билээ. Тиймээс рецедив гэмт хэрэгтнүүд хуулиас гадуур явах боломж бол байхгүй. Хэрэг хийсэн л бол хариуцлагаа хүлээнэ.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэрэг юу болж байна вэ. Батаарын хэрэг, эхнэрийнх нь хэрэг, хахууль авахыг завдсан гэх юм. Яг ямар хэргээр шалгагдаж байна вэ. ?
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа. УМБГ-ын дарга Г.Батсүхийн мэдэгдсэнээр бусдаас авлига нэхсэн асуудал, түүний эхнэрийн данстай холбоотой асуудал шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ данстай холбоотой асуудал дээр давхар бичилтүүд байгааг үгүйсгэхгүй. Хэргийн талаар эргэн мэдээлэл өгье.
-ТӨХ-ны дарга асан Д.Сугарын хэрэг дахиад түдгэлзчихлээ. Цэц гишүүнээ хаацайлаад байна гэж ойлгож болох уу?
-Цэцийн өмнөөс би ярих эрхгүй. Тэдний дотроо шийдэх асуудал. Гэхдээ хууль сахиулах байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгааг хэлж чадна. Үндсэн хууль, Цэцийн тухай хуульд цэцийн гишүүнийг цэцийн шийдвэргүйгээр шалгаж болохгүй гээд заачихсан. Тэгэхээр цэцийн есөн гишүүн хуралдаад, шалгаж болно гэж шийдвэр гаргавал шалгах эрх үүснэ. Хоёр ч удаа хандсан боловч хүлээж аваагүй. Хэрэв Ш.Батхүүтэй холбоотой хэрэгт гарын үсэг хуурамч эсэх нь тодорхой болвол Д.Сугарын цэцийн гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавих боломжтой.
-“Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хэрэг юу болж байна вэ. Нийт хэчнээн төгрөгийн хохирол учруулаад байна вэ?
-Монгол Улс 140 гаруй сая долларын өрөнд орчихоод тухайн банк нь Засгийн газраас нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулж байна. Ш.Батхүү “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэдгээ хүлээсэн. Хуурамчаар үйлдсэн гэдэг нь нотлогдвол Эрдэнэт-ийн Ж.Ганзориг нарын олон хүн хэрэгтэн биш болно. Гэхдээ одоогоор тухайн гарын үсэг хуурамч уу үгүй юу гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна.
-Г.Буяндоржийг яг ямар хэргээр саатуулж байгаа юм бэ. Залилангийн хэрэг үү?
-Хэд хэдэн хэргээр саатуулан шалгаж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Харин хуулийн байгууллагаас дуудсан цагт ирэхгүй, оргон зайлсан гэдэг үндэслэлээр цагдан хорьсон.
-Саяхан цагдаа нар нэгнийгээ зодсон хэрэг гарлаа. Харин та зодуулсан цагдааг буруутгасан өнгө аястай байсан?
-Манай тусгай бүлэгтэй холбоотой ийм мэдээлэл гарсан. Тухайн үед би энэ хэрэгт шалгалт явуулсан. Болсон үйл явдал бол хэвлэлээр явж байгаа шиг биш. Цагдаагийн тусгай бүлэгт олон жил удаан байсан нэг хүн байсан. 2005 онд нэг шалтгаанаар халагдаад гараад явсан байж байгаад энэ оны хавар буцаж ажилдаа орсон юм билээ. Ямар шугамаар ажилд орсныг нь тодруулахад танил талаараа орсон байсан. Тэр хүн би энэ цагдаагийн байгууллагад удаан байсан.Би бол "ах" гэдэг байдлаар асуудалд хандаад өөрийнхөө шууд удирдлагын дээд талын дарга жижүүрийн пост дээр байх ёстой байтал алга болсон байна гэх шаардлагыг тавихад надад шаардлага тавьлаа гэдгээр нь даргынхаа нүд рүү цохисон байгаа. Яг тэгж цохиж байхад нь дэд дарга нь хараад цэрэг даргаа цохилоо гээд өнөөх хүнийг шууд цохиод авсан байгаа. Улмаар тусгай хүмүүс зураг хөргөө олон нийтэд харуулах ёсгүй байдаг. Тиймээс цохиулсан дарга нь энэ дүрмээ бариад зургаа харуулж чадахгүй байгаа. Харин шүүх шинжилгээгээр гэмлийн зэргээ тогтоолгочихсон явж байгаа. Харин хэргийг эхлүүлсэн хүн бол тэртээ тэргүй би ахиж энэ байгууллагад ажиллахгүй гэж бодсон бололтой зургаа олон нийтэд цацсан байсан. Бид дотоод хяналтаараа асуудлыг шалгаж байна. Мөн миний зүгээс энэ алдаа гаргасан хүмүүсээ зайлуул гэж хэлсэн байгаа. Хэвлэлээр зураг хөргөө цацсан нөхөр бол энэ албанаас зайлуулагдах нь тодорхой. Үнэхээр зодуулж нүдүүлсэн гомдолтой бол хууль шүүхээрээ яваад шалгуулах байх. Гэхдээ захирагдах ёстой албан тушаалтныхаа эсрэг гар хөдөлгөсөн гэдгээр өөрөө эрүүгийн хэрэг үүсгэгдээд шалгагдаад явна.
-Эрүүгийн цагдаа гэмт хэрэг хийсэн хэрэг юу болов. Шалгалтын ажиллагаа дууссан уу?
-Тэр бол цэвэр гэмт хэрэг. Тухайн хүний хувьд гурван үе дамжсан цагдаагийн гэр бүлээс гаралтай алба хаагч юм билээ. Энэ бол манай сургалтын технологи, дотоод хяналт болохгүй байгааг харуулж байна. Цагдаагийн алба хаагч иргэнд халдсан бол ямар ч өршөөл байхгүй. Харин дотроо нэг нэгийгээ зодсон тохиолдолд нухацтай авч үзэх хэрэгтэй. Шууд удирдлагад нь байдаг хүндээ шаардлага тавихаар орой нь согтуу ирээд “Хурандаад заадаг хэн бэ” гээд зодсон жишээ бий. Ийм байж болохгүй.
-Эрүүдэн шүүх сандалтай холбоотойгоор ЦЕГ-ын дэд даргад хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн. Яагаад заавал дэд даргатай нь хариуцлага тооцсон юм бэ?
-Эрүүдэн шүүх сандлыг оруулж ирсэн хүн Д.Сандаг-Очир генерал. Д.Сандаг-Очир генерал тэтгэвэртээ гарсан. Мөн ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээрээ мөрдөн байцаалтад ийм сандал хэрэглэх эсэхийг шийдэх эрх мэдэл нь тэргүүн дэд даргад байдаг. Өөрөөр хэлбэл, надтай зурсан гэрээнд зааснаар, ажлын байрны тодорхойлолт дээрээ чиглэл нь ийм байгаа. Би өөрөө тэр хүнийг томилдог. Үүргээ биелүүлээгүй учраас хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлсөн асуудал юм.
-Хятадад хар тамхины хэрэгт холбогдсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Баясгалангийн хүүг эх орондоо ялтан шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх болсон гэдэг үнэн үү?
-Х.Баясгалангийн хүү гэдгээрээ биш болов уу. Хятадад гэмт хэрэг үйлдээд ял эдэлж байгаа иргэдээ эх оронд нь авчрах талаар яригдаж байгаа асуудал бий. Тухайн ял эдэлж буй иргэд өөрсдөө хүсэлт гаргадаг. Хэний хүүхэд байх нь хамаарахгүйгээр хүсэлт гаргасан бол боломжтой хэмжээнд ажиллах үүрэгтэй.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ