Д.Дагвадоржийн худууд 5.1 тэрбум иенээр Токио хотын барилгыг авсан гэж таамаглажээ
-ТОКИО ХОТЫН БАРИЛГЫГ 5.1 ТЭРБУМ ИЕНЭЭР 9 САРЫН НАСТАЙ МОНГОЛЫН КОМПАНИ ХУДАЛДАЖ АВСАН НЬ ЯПОНЧУУДЫН ГАЙХШИРАЛЫГ ТӨРҮҮЛЭЭД БАЙНА-
Энэ сарын 17-ны өдөр Токио хотын Чиёода дүүрэгт орших, 5 тэрбум 10 сая иенээр үнэлэгдэх, дээшээ 10 давхар, доошоо 2 давхар барилгыг дуудлага худалдаагаар зарсан байна. Японы хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байгаа тус дуудлага худалдаанд ердөө хоёр хүн оролцжээ. Дээрх барилгыг Япон улсад амьдран суудаг, Хойд Солонгос улсын дэмжигч Солонгос иргэдийн "Чучунгрёнг" хэмээх байгууллага эзэмшдэг, шууд утгаараа Япон улс дахь Хойд Солонгосын Төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж ирсэн гэж хэлж болох аж. Тус байгууллага өнгөрсөн онд эдийн засгийн хүнд байдалд орж, банкнаас авсан 60 орчим тэрбум иений өрөө төлөөгүй учир шүүхийн шийдвэрээр байраа албадан хураалгажээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 1-нд болсон анхны дуудлага худалдаагаар уг барилгыг "Saifukuji” корпораци 5 тэрбум гаруй иенээр худалдан авсан ч заасан хугацаанд мөнгөө төлж чадаагүй аж. Японы "NHK" мэдээллийн агентлаг мэдээлэхдээ тендер зарлаж, шалгарсан хоёр компани дуудлага худалдаанд оролцсоноос Монгол улсын харъяа "Avar Limited Liability Company" дээрх барилгыг 5 тэрбум 10 сая иенээр худалдан авлаа гэжээ. Өнөөдөр Японд байрны үнэ буурч байгаа атал монголчууд ийм их мөнгөөр “зодож” авсан нь япончуудыг гайхшралд оруулсан байна. Өмнө нь Монгол улсын компаниуд Токио хотод том хэмжээний барилга худалдан авч байсан тохиолдол үгүй аж.
Өнөөдрийн байдлаар дээрх барилгыг худалдаж авсан "Avar Limited Liability Company”-ийн талаар ямар нэгэн мэдээлэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй. Тус компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, худалдан авсан зорилго зэргийн тухай тодорхой мэдээлэхгүй гэжээ. Японы зарим эх сурвалж, Японы Засгийн газрын хүсэлтээр монголчууд оролцсон байж магадгүй. Хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг шийдэхэд Солонгос иргэдийн холбоог ашиглан Хойд Солонгостой холбоо сүлбээ сайтай Монголоор зуучлуулах магадлал өндөр” гэсэн байна.
-“AVAR LIMITED LIABILITY COMPANY”-ИЙН ЗАХИРАЛ ЧУВААМЭДИЙН ЭРДЭНЭБАТ ГЭВ-
Эл компани Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэж дуудлага худалдаанд оролцох баримт бичиг дээрээ бичсэн байж. Энэ дагуу холбогдоход тийм компани байхгүй гэсэн мэдээллийг Японы сэтгүүлчдэд өгсөн талаар мэдээлжээ.Гэвч “Avar Limited LiabilityCompany”-ийн захирлыг Чуваамэдийн Эрдэнэбат гэдэг. Мөн Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Мичидмаагийн ах гэх мэдээллийг Японы сэтгүүлчид олж мэдсэн бөгөөд нөхөр нь УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар. Цааш нь нарийн судалж, их аварга Асашёорюү Дагвадоржийн нэрийг гаргаж ирээд, тэр их мөнгөөр Чиёода дүүрэгт орших Япон дахь солонгос иргэдийн холбооны төв байрыг худалдаж авсан гэж таамаглаж байгаа аж.
Бизнесийн зөвлөгөө өгдөг гэх “Avar Limited Liability Company” нь байгуулагдаад есхөн сар үйл ажиллагаа явуулж байгаа тул яавч тийм их хөрөнгөтэй байх үндэсгүй, оффшор компани байх гэж хүртэл тэд хардаж буй юм байна. Чухам яагаад энэ барилгад тэгтлээ их ач холбогдол өгч, энэ тэрийг хардаж байгаа нь бас сонин. Японы зарим цахим хуудаст Солонгос, Япон улсын нөлөө бүхий эрхмүүд стратегийн хувьд ач холбогдол өгч, монгол иргэнийг дунд нь ашиглаж байж магадгүй гэсэн мэдээлэл ч цацжээ. Ийнхүү энэ асуудал өндрөө авч, Японы хэвлэлийнхний анхаарлыг татах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч удахгүй Хойд Солонгост айлчлал хийх гэж байгаатай холбоотой байж болзошгүйг эх сурвалж хэлэв.
Токиогийн шүүх Монгол компани дээрх барилгыг 5.1 тэрбум иенээр худалдаж авсан асуудлыг анхааралдаа авчээ. Улмаар өнөөдөр энэ талаар тодорхой шийдвэр гаргах сурагтай. Тус барилгын дуудлага худалдааны доод үнэ өнгөрсөн удаагийнхтай адил 2100000000 30000000 иен байсан аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ