Онгоц хөлсөлж загасанд явсан эрхмүүдээс мэдүүлэг авч эхэллээ
“Чингис хаан” олон улсын нисэх буудлаас Төв аймгийн чиглэлд ниссэн “Ми-8” нисдэг тэрэг өнгөрсөн баасан гаригт Багануур дүүрэгт осолдсон.Онгоц “А-жет компанийнх байсан бөгөөд салхинд цохиулсны улмаас ийнхүү осолдсон юм. Онгоц осолдох үеэр онгоцонд долоон иргэн сууж явсан ч азаар нэг нь ч бэртээгүй. Харин ч загасчлахаар цаашаа алхаж явсан хэмээн Зам тээврийн сайд А.Гансүх мэдээлсэн юм. Тэгвэл онгоц хөлсөлж, онгоц нь осолдсон ч загасчлахаар явсан эрхмүүд олны анхаарлыг татаж байсан ч тодорсон. Тодруулбал, “АПУ” компанийн дэд захирал Л.Батжав, “Голомт” банкны дэд захирал Г.Ганхуяг, “Үүдтрэйд” компанийн Н.Бат-Орших, “Oversee” компанийн захирал Н.Алтан-Очир, “DF” ХХК-ийн захирал Б.Баяр, “Харш констракшн”-ийн компанийн захиралН.Батболд нар явж байжээ. Тэдний нэг нь хүүхдээ дагуулан явсан байна.
Тэгвэл онгоц хөлсөлж, загасанд явсан эрхмүүдээс гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. Мөн онгоцны нисгэгч, ИНЕГ-ын хоёр ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, онгоцны нисгэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217.1, харин ИНЕГ-ын хоёр ажилтанд 245.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 217.1-т Төмөр зам, усан болон агаарын тээврийн байгууллагын ажилтан тухайн төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний бие махбодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ, 245.1-д Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ