Ээлжит бус чуулган МАН-ын эсэргүүцэлтэй тулгарав

-Долоо хоногийн улс төрийн тойм-

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулган намын бүлгүүдийн хоорондох нэлээд санал зөрөлдөөнтэй байдлаар эхэлсэн. Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай болон урт хуулийг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах, алт олборлолтыг ил тод болгох, түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай зэрэг хуулийн төслийг хоёр долоо хоногт багтаан хэлэлцэж батлахаар төлөвлөсөн авч МАН-ын бүлгийн зүгээс ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарч, хоёр ч хуулийн төслийг хэлэлцэх асуудал хойшиллоо. МАН-ын бүлгийн завсарлага үүнд ихээхэн нөлөөлөв.

Гадаад харилцааны сайд Л.Болд Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Засгийн газраас санаачлан боловсруулсан Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэлүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Харин Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд дээр тодруулах зүйл байгаа тул холбогдох байнгын хороодоосхамтарсан Ажлын хэсэг гаргахаар болсон байна. Дээрх хуулийн төслүүд дээр АН-ын бүлэгтэй МАН-ын бүлэг зөвшилцөх уулзалт хийхээр болжээ.

Долоо хоногийн сүүлчээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцохоор АНУ-ын Нью-Йорк хотыг зорилоо. Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзах юм. Чуулганаар Монгол Улс санаачилсан гурван тогтоолынхоо үндэсний хэрэгжилтийг тайлагнах бөгөөд “Бичигтэн болох НҮБ-ын арван жил”-ийн үндэсний илтгэл, “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” үндэсний илтгэл, Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай илтгэлүүд багтжээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа дуусгавар болж байгаатай холбогдуулан тус санг татан буулгахаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны аравдугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр үйл ажиллагаагаа эхэлсэн энэ сангааснийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг манай улсад бодитоор оруулжээ. Таван жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төсөл хэрэгжүүлсэн байна.

Засгийн газраас 2014 онд Монгол Улсад жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлт, үндэсний урлаг, спортын олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах тухай тогтоол гаргав. Ингэснээр жүдо бөхийн “Чингис хаан 2014” Гран-При тэмцээнийг долдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг наймдугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг зургадугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг хоёрдугаар сард болно.

Мөн Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протокол”-д нэгдэн орох, цаашид уг протоколд гарын үсэг зурах бүрэн эрхийг олгох талаар УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтож, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Япон Улсад хийсэн албан ёсны айчлалын дүнг хэлэлцсэн ба“Хүүхдийн эрхийн конвенцийн Мэдээлэл хүргүүлэх журмын тухай Нэмэлт протокол”-д гарын үсэг зурах нь зүйтэй гэж үзэв.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ