Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа

Мянганы сорилтын сангийн үйл ажиллагаа есдүгээр сарын 17-нд дуусгавар болж байгаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтын санг татан буулгалаа.

Монголын Мянганы сорилтын сан нь Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Мянганы сорилтын гэрээ”-г хэрэгжүүлэхээр байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа 2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс албан ёсоор хэрэгжүүлж эхэлсэн юм. Удирдах зөвлөлийн даргаар Ерөнхий сайд, гишүүдэд Засгийн газрын 6 гишүүн орж ажиллажээ.

“Мянганы сорилтын гэрээ”-ний дагуу нийт 284,911,363 ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээс 95 орчим хувь буюу 270,660,000 ам.долларыг Монгол Улсад бодитоор оруулаад байна.

Мянганы сорилтын сан нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 5 жилийн хугацаанд хөрөнгийн эрхийн, хот орчмын бэлчээрийн, эрүүл мэндийн, цэвэр агаар, авто замын, мэргэжлийн боловсрол, сургалтын гээд нийт зургаан төслийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ