ЛГБТ хүмүүсийн “Бахархлын долоон хоног” эхэллээ

Хүмүүн заяа олж төрөхийг зүүний үзүүр дээр атга, атгаар арвай асгахад нэг нь л тогтож үлдэхтэй эртний мэргэд зүгээр ч нэг зүйрлээгүй биз ээ. Анагаахынхан ч адилхан санаа хэлдэг. Үрийн шингэн дэх 300 сая эр эсийн ширхэг нь л хүн болдог гэж. Сохор, доголон, хэлгүй, дүлий/хөгжлийн бэрхшээлтэй/ ч бай ийм л ховор хувь тавилангаар бид хорвоод ирдэг ажээ. Харин ганц л юмыг өөрийн хүсэл зоригоор шийдэж үл чаднам билээ. Тэр бол хүйс. Тэглээ гээд хүмүүн биш болохгүй. Тиймээс хүний эрхийг бусадтай эн тэнцүү эдлэх нь зүйн хэрэг. Эр, эм болж мэндлэх нь энэ ертөнцийн тэнцвэрт хийгээд түгээмэл хууль бүлгээ. Хүн төрөлхтний дийлэнхэд хамаарах нь мэдээж. Гэхдээ төрөлх хүйсээсээ эсрэгээр байхыг хүсэх үзэгдэл харьцангуй цөөн ч бий. Тэднийг трансжендэр гэдэг. Эр мөртлөө эмэгтэйлэг, эмэгтэй атлаа эрэгтэйлэг/хувцаслалт, будалт, биеэ авч явах байдал гэх мэт/ нэгэн юм.

Байгалиасаа буюу төрөлхөөсөө ижил хүйсээ сонирхох нь бас байдаг. Энэ өвчин биш. Хорвоогийн байдаг л үзэгдлийн нэгэн болохыг судлаачид аль хэдийнэ тогтоосон. Хүн төрөлхтөн үүссэн тэр л цагаас эхтэй гэх. Судлан нэр, томьёо гаргасан нь харин манай эринд хамаарна. Амьтанд ч хүртэл илэрдэг шинж л дээ. Соц үед машид нууц/гэмт хэрэг/, энэ цаг дор арай гайгүй, сүүлийн үед нийтээр ойлгох хандлагатай болсон тэднийг өмнө нь гомо, лесби, бисексуал нөхөд гэдэг байв. Эр хүнтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд/ЭБЭ/-ийг гомо, эмэгтэйтэй "дотносдог" эмэгтэйг лесби, хоёулантай нь хавьтдагийг бисексуал гэх. Энэ бол далаад оноос хэрэглэж ирсэн нэр томьёо бөгөөд өнөөгийн өнцгөөс үзвэл доромж утга илэрхийлдэг гээд халжээ. Мөн төрөлх хүйсээсээ өөрөөр мэдэрч, түүндээ нийцүүлэхийн тулд эмнэлгийн аргаар хүйс шилжсэн хэсгийг транссексуал, аль аль хүйсийн анхдагч болон дайвар шинжтэй төрөгсдийг интерсекс хэмээжээ. Ингээд "Ассошиэтет пресс", "Нью Йорк таймз", "Вашингтон пост" сонинуудын найруулга, цэг таслалын гарын авлагыг үндэслэн, зөвхөн зайлшгүй тохиолдолд л биш бол/уран зохиол, мэргэжлийн хэл...гм/ үүнээс хойш тэднийг албан ёсоор ЛГБТ/лесби, гэй, бисексуал, трансжендэр/ хүмүүс гэхээр тогтсон байна. Ер нь хүн амын 2-7 орчим хувийг ЛГБТ хүмүүс эзэлдэг гэсэн багцаа байдаг гэнэ билээ. Энэ бүхнийг яагаад тоочоод байна вэ гэж үү.

Монголд анхных болох энэ удаагийн "долоон хоног"-ийг ЛГБТ төв, Залуус эрүүл мэнд, Хамтдаа , Хүний эрх-залуус-эрүүл мэндийг дэмжих төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хүний эрхийн Үндэсний комисс, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн техникийн туслалцаа, НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүгийн дэмжлэг, Оюуны дархлаа ТББ-ын мэдээллийн тусламжтайгаар хийж буй юм. “Бахархлын долоон хоног-2013” арга хэмжээ өнөөдрөөс Улаанбаатарт эхэлж байна. Дэлхий нийтийн хувьд Серби улсад мөн тохиож байгаа ажээ. Монголд зохиогдох гол үйл явдлууд Чингис зочид буудалд болно. Нэг үгээр хэлбэл, энэ долоон хоногт дээрхтэй холбоотой ямар нэг үйл явдал өдөр бүр тохионо гэсэн үг ээ. Өнөөдрийн хувьд буюу нээлтээр нь “Бахархлын долоон хоног дэлхийд” видео мэндчилгээ гаргав. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн "Би ухамсарт амьдралаа та бүхний эрхийг хамгаалах үйлст зориулахаа андгайлж байна" хэмээн мэндчиллээ. Дараа нь “Бахархлын долоон хоног Монголд” танилцуулга хийв. Европын холбоо болон АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөл үг хэлэв. Тэд мөн л тэдний эрхийг хамгаалахад онцгой анхаарахаа илэрхийлээд, Монголд болж буй эл арга хэмжээнд оролцож байгаа бүх хүнд амжилт хүслээ. Ингээд иргэний нийгмийн байгууллагуудын мэндчилгээ үргэлжилсэн юм. Түүнд, ДЭМБ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнэт үндэсний сүлжээ зэрэг газар оролцов. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Д.Энхжаргал хэлэхдээ, би 18 жил тэмцэж байж гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцуулж чадлаа. Та бүхэнд ч ийм ирээдүй бий гэдэгт итгэж байна. Амжилт хүсье" гэсэн юм. ЛГБТ төвийн тэргүүн Ц.Отгонбаатарын өгүүлснээр, хүн болж төрснөөрөө, ЛГБТ хүмүүс эрхээ эдэлж чаддаг болсноор бахархдаг ажээ. Тиймээс тэд "Бахархлын долоон хоног"-оо сэтгэл тэнэгэр, бахтай тэмдэглэж байгааг дуулгая. Эцэст нь ЛГБТ хүмүүсийн хувцас загварын болоод дрег шоу тавигдсанаар энэхүү өдрийн арга хэмжээ өндөрлөв.

“Бахархлын долоон хоног-2013”-ын зорилгыг товч хүргэх нь зөв байх. Яс үндэс, арьс өнгө, хүйс, үзэл бодол, шашин шүтлэгээс үл хамааран орчлонгийн хүмүүс тэгш эрхтэй, ялгаварлан гадуурхагдах ёсгүйг илэрхийлэх, олон түмэнд сурталчлан таниулах юм байна. Монгол ардчиллаараа Азидаа толгой цохидог ч зарим талаар тэднийг хавчин хяхах, ялгаварлан гадуурхах, дорд үзэх, нүд үзүүрлэх, нэр хоч өгөх, дарамтлан сүрдүүлэх, дээрэлхэн зүхэх зэргээр эрхийг нь зөрчих явдал байсаар байна. Тэдний хамгийн гол эрх болох амьд явах, сурч боловсрох, мэдээлэл олох, хуулийн өмнө тэгш, эрүүл байх, бэлгийн чиг баримжаагаа өөрөө сонгох, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг нь зөрчигддөгийг нуух юун. Эхийн хэвлийд бүрэлдсэн цагаасаа л хүн бүхэн эдлэх ёстой эрх тэдний хувьд хязгаарлагдмал байх учиргүйг хэлэх хэрэгтэй. Өөрийн хүсэл зоригоос үл хамаарах зүйлээс болоод ингэх нь шударга бус явдал билээ.Тиймээс иргэдэд, ялангуяа залууст энэ талаар зөв ойлголт өгөх цаг иржээ.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ