Ирэх жил манайд олон улсын есөн тэмцээн зохиогдоно
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсад 2014 онд жүдо бөх, чөлөөт бөх, шатар, олс таталт, гандбол, тэшүүр, марафон гүйлтийн олон улсын чанартай есөн тэмцээн зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.
Тухайн тэмцээний ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хүрэх үр дүн, олон улсын спортын холбооны баталгаа, календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан талаар спортын долоо холбоогоор танилцуулга хийлгэж, шаардлага хангасан жүдо бөхийн "Чингэс хаан 2014" Гран-При тэмцээнийг 2014 оны долдугаар сард, жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг тавдугаар сард, Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При тэмцээнийг наймдугаар сард, чөлөөт бөхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Олс таталтын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Гандболын олон улсын тэмцээнийг тус тус зургадугаар сард, тэшүүрийн олон улсын тэмцээнийг хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна.
Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2014 оны төсөвт тусган санхүүжүүлж, тамирчдын болон тэмцээний зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангах арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ