Т-ара ба бяцхан үзэгчид

Солонгос К Pop оддын тоглолт сайхан боллоо. "Арван жилийн жоохон хүүхдүүд л үздэг юм, бид нар шиг, чам шиг нас явчихсан (уг нь би өөрийгөө залуухан гэж боддог юм) хүн үзвэл ичиж үхмээр юм болно. Хөөгдөв дөө “ гээд л хавь ойрынхон миалаад байсан. Би ч угаасаа үзнэ гэж бодож байснаараа үзлээ. Тэнд арван жилийн хүүхдүүд дийлэнх нь байна л даа. Гэхдээ бидний үеийн, тэрнээс дээших насны хүмүүс зөндөө л байна билээ. Бүр дагаад дуулж байсан. Миний ч сэтгэл их хөдөлчихлөө. Алийн болгон Монголчууд бид өөрсдийгөө юм юмнаас хойш нь тавьж, нэг нэгнийгээ өөлж, миалж, доош нь хийж, эсвэл дандаа муу муухай талаас нь харж байдаг юм бэ.

Надад үнэхээр сайхан санагдлаа. Хүүхэд нас минь санаанд буулаа. Юу вэ гэхээр тэнд үзэж байгаа хүүхдүүд үнэхээр хөөрхөн, бүр хайр хүрмээр. Яг л нөгөө хүүхэд бол юу ч бичээгүй цагаан цагаас гэдэг үг санаанд буулаа. Хэн намайг юу гэж хэлэх бол, яах бол ийх бол гэж тэд бодохгүйгээр зөвхөн өөрийнхөөрөө, өнөөдөр юу мэдэрсэн, юу мэдрэхийг хүссэн яг тэр хүслээрээ байж чадлаа.

Дуртай хамтлагийнхаа дууг даган дуулж, нүдээ аниад үнэн сэтгэлээсээ дуулж, бүр орилж, хайр сэтгэлээ ч илчлээд амжина лээ. Би нэрийг нь сайн мэдэхгүй болохоор бичиж чадахгүй нь ээ. Ямартаа хөвгүүд нь охидын хамтлагийн гишүүдэд, охид нь хөвгүүдийн “Speed” Хамтлагийн гишүүдэд хайраа илчилж “Сараан хэ ёо” хэмээн орилж байсан. Би ч бага байхдаа дэлхийд нэртэй хамтлагийн гишүүнд сэтгэлийн жолоо алдарч явлаа. Хүүхэд байхад хэн бүхэнд л тийм зүйл тохиолддог юм. Энэ хүүхдүүд харин азтай юм аа. Хайртай “од”-оо хажуунаас нь хараад, бас олон хүн байгааг далимдуулаад чангаар орилж хайраа илчлээд амжлаа шүү дээ. За ямар ч байсан үзэгчдийн зүгээс илэрсэн сэтгэл хөдлөл надад таалагдлаа, сайхан байлаа.

Уригдаж ирсэн хамтлагууд ч их уриалгахан, хөөрхөн ааштай хүүхдүүд байх шиг байна. Үзэгчдийг ихэд хүндэлж, монголоор мэндчилж, улсынхаа уламжлалыг ч алдахгүй бөхөлзөн мэндчилж байсан. Ер нь хүн гэдэг амьтан сэтгэлийн амьтан. Монголын хүүхдүүд өөрсдийг нь хичнээн их хайрлаж, хүндэлж, шүтэн биширч байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрч чадсан тэд эргүүлээд үзэгчиддээ хайрыг, хүндлэлийг, сэтгэл ханамжийг өгсөн тоглолт хийж чадлаа.

Солонгос соёлд ууслаа, хэтэрхий солонгосжиж байна, хэдэн нүүрээ будсан охин шиг залуусыг хараад хөлөө хугалах гэж гүйлээ монголын охид нэр нүүрээ алдлаа, улсын нэр хүнд уналаа...

Цааш нь бичвэл зөндөө шүүмжлэл, хар бараан бодол. Яг үнэнийг хэлэхэд бид алийн болгон цэмцэрхэж, төвийг сахиж, сэтгэл хөдлөлөө нуун дарагдуулж амьдрах ёстой юм бэ. Хүн нэг л амьдарна. Байнгын бухимдал, стресс, хүүхдүүд нь тэгээд хичээл номноос өөр юм ч хийж болохгүй, шүтдэг хамтлаг дуучнаа хараад хэд сайхан орилж ч гүйж болохгүй хэрэг үү. Ингэж туйлширч болохгүй ээ манайхаан. Солонгос кинон дээрээс харсан л биз дээ. Охид нь олны танил хүн харахаараа бас л орилоод гүйдэг биз дээ, европын улсуудад ч бас тийм л байдаг. Адилхан хүн байж нэгнийхээ эдлэх эрхийг нь илүү дутуу үгээрээ битгий хязгаарлаж байгаач гэж гуймаар байна.

Аливаа юмыг харлуулаад байвал харлаад л байдгийн тод жишээ саяхан манайд ирээд тун чиг сэтгэл хангалуун бус буцсан алдарт “Blue” хамтлаг гэрчилнэ. Олон хүн үзээгүй л байгаа биз, үзсэн хэдэн үзэгчдийг нь тэр хамтлаг нь хүндэлж үзээгүй л байгаа биз. Угаасаа Европ хүмүүсийн зан нь тэр. Хэнэггүй, ёс жудаггүй, хэт задгай хүмүүс. Аан тийм нэг зүйлийг энд хэлэхгүй өнгөрч болохгүй санагдлаа. “Blue” хамтлагийн тоглолт эхлэхэс өмнө “Extacy” хамтлаг гарч ирж дуулсан гэнэ. Гэтэл монгол үзэгчид ямар туухай зан гаргасан гэв ээ. Тэр хэдэн охидыг элдвээр хэлж орилж чарлаж, та нараар яадаг юм , зайл энээ тэрээ гэсэн гэнэ. Адилхан монгол хүмүүс байна даа, дургүй байлаа гэхэд гадны хамтлаг ирчихсэн байхад өөрсдийнхөө, улс орныхоо нэр нүүрийг бодож болсонгүй юу даа энэ чинь. Өчигдөр л гэхэд солонгос оддын тоглолтын өмнө “Anemone” хамтлаг дуулсан юм билээ. Би жоохон хоцорч очсон болохоор бас яаж хүлээж авсныг нь мэдсэнгүй. Ямартаа ч фэйсбүүкээр бас л доромжилсон өнгө аястай “Солонгос оддыг үргээчихвээ, ам барихгүй аятайхан дуулвал дуулаарай ” гээд бас л баахан юм биччихэж. Бичээд байвал дуусахгүй нь. Монголчууд нэгнийгээ хэтэрхий ихээр харлуулах юм даа.Амны билгээс ашдын билэг гэж манай сайхан ардын зүйр цэцэн үг бий дээ уг нь.

За тоглолтын хувьд иймэрхүү болж өнгөрөв. Харин зохион байгуулагчид болох “ETV”-ийн зүгээс сэтгүүлчдэд мандат олгосон юм л даа. Энэ чинь уг нь давуу эрхээр үзнэ, зурагчин нь зургаа чөлөөтэй авна, сэтгүүлч нь сурвалжлагаа чөлөөтэй хийх эрх гэж би ойлгодог. Гэтэл юу болов оо. Би дотогшоо орж зураг авах хэрэгтэй байна аа гээд мандатаа үзүүлсэн чинь нохой хуцаж байгаа чинээ тоохгүй хэдэн цагдаа өлийгөөд дээшээ хараад зогсох юм. Цаанаасаа тэг гэж тушаасан юм байлгүй дээ. Мань хэд нь үзэж байгаа үзэгч багачуудтайгаа холилдон байж хэдэн зураг авсан. Энэ цагдаа нарын аашийг нь ээ. Үнэхээр хэлэх үг алга.

Тоглолт үзэж байгаа балчир хүүхдүүдтэй яаж харьцаад байна аа. Энгэр заамнаас нь угзчаад л, тэдний гарын аяыг яаж даах болж байна. Бүр цахилгаан бороохой эргэлдүүлээд зарим нэг хүүхдийг цохиод авна лээ. Аюулгүй байдлыг хангах гээд ажиллаж байгааг нь ойлгож байна. Тэглээ гээд хүүхдүүдтэй зөв боловсон харьцах хэрэгтэй биз дээ. Эвээр харьцвал хүн бас л уярана даа энэ чинь. За за үг олдож үхэр холдох нь. Ямартаа ч монголын бяцхан жаалууд хэдэн өдөр ярих сонинтой болж үлдлээ. Урьд шөнө ихэнх нь сайхан зүүд зүүдэлсэн байх аа. Сайхан тоглолтоороо үзэгч хүүхдүүдийг баярлуулсан Солонгосын K Pop ододдоо ч баярлалаа. Дахиад манай улсад зочлохыг хүсэн ерөөе.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ