А.Сүхбатын бага хүү Хангай ааваа залгамжилна
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол-Оросын гавьяат тамирчин, дэлхийн шилдэг 100 бөхийн нэг, “Зууны манлай монгол бөх”, Олимпийн мөнгөн медальт, чөлөөт болон самбо бөхийн дэлхийн аварга, бөхийн гурван төрлийн/чөлөөт, сонгомол, самбо/ Азийн аварга Х.Баянмөнхийн зээ, Далай аварга А.Сүхбат, түүний анхны эхнэр Б.Баясгалан хоёрын хүү Хангай жүдогийн залуучуудын шигшээ багт хичээллэж байна. 17 настай, 190 см өндөр, 90 кг жинтэй, хоёр талын бөхийн удамтай энэ хөвүүн их юм дуулгана даа. Бөх, морь хоёр эхийн талаа дагадаг гэсэн үгтэй. Амьдралаас харахад тийм ч байдаг. Түүний ээж Б.Баясгалан дээрх алдарт аваргын охин бөлгөө. Тэгэхээр яалт ч үгүй нэг аварга “амьтан”, магадгүй ирээдүйн дархан аварга тэнд бойжиж байна даа. Түүний багш Ш.Эрдэнэбилэг нь ч алдартай нэгэн. Анхны хоёр шавь нь японы сүмогийн ёкозүна гэхээр тодорхой байгаа биз. Асашүрюү Д.Дагвадорж,Ама Д.Бямбадорж хоёр бөхийн цагаан толгойг түүгээр заалгасан түүхтэй. Тэгэхээр бас нөхцөл бүрдсэн гэж болохоор байгаа биз. Өөрөөр хэлбэл, А.Сүхбатын бага хүү Хангай ааваа залгамжилна гээд хэлчихэд нэг их хол тусахгүй байх. Энэ жилийн Улсын наадмын хүүхдийн барилдаанд шөвгийн дөрөвт үлджээ. Дүүдээ спортын өндөр амжилт хүсье.
Г.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ