“Улаанбаатар эрдэм” Их сургуулийн багш Н.Алтангэрэл: Гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрч байна
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр (2024.04.01) Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.
Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлүүдийг сонссоны дараа оролцогчид саналаа хэлсэн юм.
“Улаанбаатар эрдэм” Их сургуулийн багш Н.Алтангэрэл, шинэчилсэн найруулгын төсөл өмнөх хуулиас дээрдсэн юмгүй байна хэмээн шүүмжлээд, дэвшил байгаа ч гэр бүл салалт зэрэг тулгамдсан асуудлын суурь шалтгааныг олж хараагүй байна гэлээ.
Тэрбээр гэр бүл салалт үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг анхааруулж, үүнийг бодлогын түвшинд хүлээн зөвшөөрч, эрх зүйн зохицуулалтад харгалзах шаардлагатай гэлээ.
Мөн хүүхдийн тэтгэлэг эздэдээ очдоггүй, олддоггүй байдлыг харгалзан, сан байгуулах санал хэлэв. Гэр бүл судлаач Х.Баавгай, гэр бүлийг эдийн засаг, нийгмийн харилцаа, эрх зүйн уялдаанд авч үзэх ёстой гээд, эдийн засгийн талаар хэрхэн урамшуулах, нийгмийн харилцааны хувьд зөвлөгөө өгдөг, үйлчилдэг төвүүдийг бий болгох зэрэг асуудлыг уялдаатай шийдвэрлэсэн эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатайг онцлов.
“Монголын чөлөөт ахмадын холбоо” ТББ-ын тэргүүн Г.Баасан, гэр бүлд тавигдах босго хугацааг 10 жилээс доошгүй байхаар тогтоосон хэрнээ хамтран амьдрагчдад таван жил тавьж өгсөн нь ямар харилцааг төр, засгаас түлхүү дэмжиж байна вэ гэдгийг харуулж байна гээд, гэр бүл бол гэрээн дээр биш итгэлцэл, хайр дээр тогтох ёстойг онцлов.
Тэрбээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд сануулах, торгох зэрэг арга хэмжээ хэрэглэхгүйгээр шууд 9-30 хоног хорьж, гурван удаа давтвал эрүү үүсгэдэг нь тэр айлын амьдралыг эерүүлэх, өөрчлөх бус харин ч улам хүйтрэх, салахад нөлөөлж байна хэмээгээд, айл гэрт бий болсон хүйтэн уур амьсгалыг дулаан болгох зохицуулалт хаана байна вэ гэсэн асуулт тавив.
Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч А.Ундраа Гэр бүлийн тухай хууль бол нийгмийн харилцааны гол хууль болохыг онцолж, гэр бүлийн асуудлаар дагнасан шүүхийг нийслэлд байгуулахыг дэмжив.
Тэрбээр, сум, дүүргийн соёлын төвүүдийг түшиглэн гэр бүлд зөвлөгөө өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах боломжийг хуульчлах, гэр бүлийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой зохицуулалтыг илүү нарийвчлах шаардлагатай гэлээ. Мөн дагавар хүүхдүүдийг хамгаалах, гэр бүлээс гадуурх харилцааг шийдвэрлэх талаар хуулийн төсөлд нарийвчилсан заалтуудыг тусгах шаардлагатай гэж үзэж буйгаа хэлэв.
Хуульч Б.Бадамханд, Монгол Улсын Үндсэн хуульд, гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ гэж заасан тул ижил хүйстнүүдийн харилцааг энэ хуульд тусгаж зохицуулах тухай саналуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд, угийн бичиг хөтлөх тухай хууль хэрэгжихгүй байгаа тул ДНХ-ийн шинжилгээнд сайн дураар бус заавал хамруулдаг байхаар зааж өгөх хэрэгтэй гэсэн юм.
Мөн тэрбээр, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байгаа этгээдийг албадан ажил хийлгэдэг байхаар хуульлах санал дэвшүүлж, хүүхдийн тэтгэлгийг төлүүлж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд нөхөр, эсвэл эхнэр гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа алдсан бол тэтгэлэг гаргуулна гэсэн заалт хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаагаа хэлэв.
Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар настан буурлуудаа хүндэтгэх хүүхэд, залуусын хүмүүжил төлөвшлийн дээшлүүлэх, ахмад настны өмчлөлийг хамгаалах, асран хамгаалах үүргээ ухамсарлаагүй үр хүүхдэд хариуцлага тооцох асуудлуудыг хуульд тусгах шаардлагатай гэсэн бол Монголын Угийн бичгийн холбооны тэргүүн Н.Түмэн-Өлзий гэр бүлийн харилцааны үндсийг угийн бичигт суурилах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв.
Hold International байгууллагын төлөөлөгч н.Тунгалаг, хууль хэнд зориулагдсан бэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай гэсэн зарчмын санал хэлж, тухайлбал, хүүхэд үрчлэх асуудлыг гадаад, дотоодын иргэдэд өөр өөр зохицуулалттайгаар тусгах шаардлагагүй гэсэн саналтай байгаагаа дурдсан бол “Сэтгэл зүйн мэдрэмж” ТББ-ын тэргүүн Ч.Сэмжидмаа дагавар хүүхэд, үрчилж авсан хүүхдээс гадна нөхрөөсөө далдуур өөр хүнээс олж гаргасан хүүхдийн асуудал, мөн ижил хүйстний эмчилгээ, үйлчилгээний асуудлыг зохицуулах шаардлага бий талаар ярив.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Үнэн шударга холбооны тэргүүн Г.Үнэнбаяр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийг гэр бүлийнхэн нь залгидаг байдлыг таслан зогсоох, мөн хүүхдээ төрөнгүүт эмээ, өвөөгийнх нь нэр дээр бүртгүүлж, халамж, тэтгэвэр завших явдлыг хориглох нь зүйтэй гэлээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Б.Батзориг, гэр бүл цуцлахыг хориглох нөхцөлүүдийн дотор хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан гэсэн нөхцөл байгаа нь гэр бүлийн хүчирхийлэгч этгээд ар өврийн хаалгаар, аахар шаахар шалтгаанаар групп тогтоолгочхоод хүчирхийллээ үргэлжлүүлсээр байх хуулийн цоорхой болох вий гэж болгоомжилж байгаагаа онцлов.
Мөн "Жи Би Эм консалтинг" ХХК-ийн хуульч Б.Жавзанханд хуулийн зохицуулалтыг илүү нарийвчлахгүй бол хэтэрхий ерөнхий байна гээд, гэр бүлд зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг сэтгэлзүйчдийн хүрэлцээ муу байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Эх сурвалж: parliament.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД