Сэрэмжлүүлэг:Хүүхдүүд рүү хутга тулган дээрэмдсэн

Хүүхдүүд рүү хутга тулган айлган сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг өчигдөр /2024.04.01/ гарсан байна. Цагдаагийн ерөнхий газраас дараах сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад өчигдөр “Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 14-16 насны хоёр эрэгтэй хүүхдийг үл таних хүмүүс биед нь аюултай аргаар хутга тулган гар утсыг нь дээрэмдчихлээ” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24 настай, эрэгтэй П, 16 настай, эрэгтэй Т нар нь дээрх гэмт хэргийг бусадтай бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан үйлдсэнийг олж, тогтоон Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.

Энэ төрлийн хэргийн эрх зүйн зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйл буюу дээрэмдэх "Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." гэж хэрэв хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн бол 5-12 жилийн хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Иймд иргэдийг шөнө, оройн цагаар гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарах, гэрэлтүүлэгтэй газраар зорчих, өөрийн өмч, хөрөнгө гар утас, эд зүйлсийг сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн сэжигтэй тохиолдолтой таарах, хохирогч болсон тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагын 102 дугаарт хандахыг зөвлөлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ