Бага тойруугийн 30 гаруй байршилд зогсоол хамгийн эрэлттэй байна
Нийслэлд өдөрт 618800 иргэн бүх төрлийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Үүнээс 435500 нь хувийн автомашинаар явдаг бөгөөд тэдний 33.4 хувь нь хотын төв рүү зорчиж, зогсоолд машинаа өдрийн турш байрлуулж байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1801 байршилд 113356 автомашины зогсоол байдаг аж.
Нийслэлийн замын хөдөлгөөний нягтрал, түгжрэлийг багасгах, ачааллыг тэнцвэржүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй тээврийн үйлчилгээг хөгжүүлэхээр Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөө, тогтвортой зорчилт хөдөлгөөний стратегийг боловсруулах юм. Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний болон авто зогсоолын стратеги, менежментийн төлөвлөгөөний үйл явцтай танилцан, санал солилцлоо.
Энэ үеэр “ММCG” ХХК-ийн эдийн засагч П.Түвшинмандах, “Зогсоолын орон зайг нэмэх боломж хомс тул менежментийн аргаар эрэлтийг багасгах нь зөв. Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол эрэлттэй тул зөвшөөрөлгүй байршилд машин тавьж, давхарлаж зогсдог. Хоёр болон түүнээс дээш цаг байршуулж буйг 1 цаг болгон богиносгож чадвал тухайн зогсоолд зогсох автомашины тоог 30-97 хувиар нэмж болно. Зогсоолын бүсчлэл тогтоох, тогтоосон бүсчлэлдээ хувьсах үнэ, цагийн хязгаарлалтын горим тогтоох хэрэгтэй. Зогсоолын эрэлт хамгийн их Бага тойруугийн 13 байршилд зам дагуу зогсоол бий болгоё. Мөн энэ хэсэгт 5-9 давхар зогсоол барих шаардлагатай” гэлээ.
П.Сайнзориг “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллээр хангаж, үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ