Сайд Л.Энх-Амгалан Эстони улсын Боловсрол, эрдэм шинжилгээний сайдтай уулзлаа
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Эстони Улсын Боловсрол, эрдэм шинжилгээний сайд Кристина Калластай уулзаж, PISA үнэлгээний үр дүнд үндэслэн хийсэн шинэчлэл, тэр дундаа суралцагчдын унших чадварыг сайжруулсан туршлага, цахим шилжилтийн талаар санал солилцлоо.
Эстони Улсын хувьд PISA үнэлгээнд богино хугацаанд амжилтаа ахиулж байгаа бөгөөд 2022 оны үнэлгээгээр Европын холбооны улсуудыг тэргүүлсэн юм.
Бага ангийн хүүхдүүдийн унших чадварыг хөгжүүлэх арга зүйгээ шинэчилж, хурдан унших бус ойлгож уншихад сургах арга зүйг нэвтрүүлсэн байна. Түүнчлэн Эстонид боловсролын магадлан итгэмжлэл, үнэлгээ, цахим шилжилтээр хэрэгжүүлсэн ажлуудтай танилцаж хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц болон чанарын баталгаажуулалтын чиг үүрэг харьцангуй шинэ концепц учраас салбарын түвшинд хүний нөөцийг чадавхжуулах, эрх зүйн орчныг тодорхой болгох зэрэг асуудлууд тулгамдаж байгаа. Ялангуяа мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын салбарт чанарыг баталгаажуулах, мэргэшлийг харилцан хүлээн зөвшөөрөх, кредит хөрвүүлэх чиглэлээр ХАКА болон Боловсролын магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагатай хамтран ажиллах хүсэлтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ