АТГ: Долоон сайд 941 хүнийг БЗС-гийн зээлээс үндэслэлгүй чөлөөлсөн нь тогтоогдсон

Боловсролын зээлийн сантай холбоотой гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлуудыг шалгуулах талаар иргэдээс энэ оны тавдугаар сараас АТГ-т гомдол мэдээллийг ирүүлж, эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Прокурорын байгууллагаас АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах шийдвэр гаргасан юм. 

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Ч.Жаргалбаатар мэдээллээ. Тэрээр "Өнөөдрийн байдлаар Хамтарсан ажлын хэсэг БЗС-тай холбоотой мөрдөн байцаалтын хоёр, хэрэг бүртгэлтийн найман хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөгжлийн Банк, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан, БЗС дэлхий нийтэд, олон улсад шалгарсан, тухайн улс орны хөгжилд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулсан сайн туршлага бий. Монгол Улсад энэ сайн туршлагыг нутагшуулахдаа мэдээллийн ил тод байдал, өрсөлдөх, хүртээмжтэй байдлыг хангаагүй, бусдад давуу байдал олгосон нөхцөл тогтоогдож, зарим хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байна.

Түүнчлэн БЗС-ийн зээлээр гадаадад суралцсан  нийт 3 069 хүн байна. Тухайн санг удирдаж байсан албан тушаалтан бусдад давуу байдал олгодог, албан үүрэгтээ хайнга ханддаг, зохих ёсоор албан үүргээ гүйцэтгээгүй нөхцөл тогтоогдсон. 3069 суралцагчийн хувийн хэргийг шаардахад 2900 хүний материал гарч ирж байгаа нь материал дутуу, бүрдэл хангалтгүй байсан. 

2000 онд БЗС-ийн анхны журам батлагдаж, сургуулиа төгсөөд арван жилийн хугацаанд зээлээ төлөхөөр тусгасан. Энэ хугацаанд сурсан мэргэжлээрээ гавьяа байгуулсан, үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэсгээс чөлөөлөх асуудал байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин нь бүрдээгүй. Мөн 2012 онд суралцагчдын зээл, зээлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг УИХ-аар журам гаргаж, шийдвэрлэх хууль баталсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлээгүй.

Мөрдөн шалгах ажиллагаагаар долоон сайд 941 хүнийг зээлээс үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна. Эдгээрээс сайд бүр тушаалдаа дурдсан буюу эх орондоо таван жил үр бүтээлтэй ажилласан гэдэг хүмүүсийг судлаад үзэхээр эх орондоо ирж ажиллагаагүй, журамд заасан гавьяа байгуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй 377 хүнийг зээлээс чөлөөлсөн байна. Олон суралцагч нарын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог гадаад улсаас авах, эх орондоо буцаж ирээгүй байдлаас үүдэн мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай байна.

Илэрсэн зөрчлүүд:

  • Хувийн хэрэгт англи хэлний түвшинг тогтоосон оноо бичигдээгүй
  • Эх орондоо буцаж ирээгүй
  • НДШ төлөөгүй
  • Тэргүүлэх чиглэлээр суралцаагүй
  • Зээлийн барьцаа хөрөнгө бүртгүүлээгүй буюу барьцаанд хөрөнгө тавихгүйгээр давуу байдал олоод явсан хүмүүс баримтаар тогтоогдож байгаа. Ойрын хугацаанд эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.212.119.164)
    Тиймээс буцаагаад төлүүлээрэй.
    2023 оны 10 сарын 26 | Хариулах