У.Хүрэлсүх: НҮБ бол Монгол Улсын хөгжил дэвшилд бүх талын дэмжлэг үзүүлж ирсэн манай чухал түнш

Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Монгол Улс дахь НҮБ-ын байранд зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр хэлсэн үгэндээ НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш юм хэмээн онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улс нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсан ба олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж буй. Манай улс 2024 онд НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг, 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж байгаа нь Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах, дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын хамт олонд НҮБ-ын өдрийн мэндийг дэвшүүлж, ажлын амжилт хүсэн ерөөсөн юм.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “НҮБ-ын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай байранд хүрэлцэн ирсэн явдалд бид бүхэн маш их талархаж байна. НҮБ болон Монгол Улс хоорондын ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийн тухайд хэлэхэд, НҮБ нь Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэнтэй илүү сайн сайхан ирээдүйн төлөө нягт хамтын ажиллагаа өрнүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх чиглэлд тууштай хамтран ажиллах болно. Бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж буй үе шатандаа явж буй. Энэ хүрээнд бид хийж гүйцэтгэсэн ажлуудаа дүгнэхийн сацуу дэвшүүлсэн зорилтдоо хүрэх ямар боломж байна вэ гэдэг дээр үнэлэлт хийж үзэхэд дэлхий даяар хэрэгжилтийн үйл явц хангалттай бус байна. Тиймээс бид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсын авсан үүрэг амлалтуудыг үр дүнтэй гүйцэтгэх үүднээс хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэмжин ажиллаж байна. Цаашид ч бид Монгол Улсын авсан амлалтуудыг дэмжих чиглэлд оролцогч талуудын уялдааг хангахаас гадна нягт хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлсээр байх болно. Ялангуяа, Монгол Улсын иргэн бүрийг хөгжлийн үйл явцын үр шимээс орхигдуулахгүй байх зарчмаар хангана хэмээн үзэж байгаа” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “НҮБ-ын хувьд өнөөдөр тэмдэглэлт өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын байранд анх удаагаа зочиллоо. Энэхүү ажлын хүрээнд НҮБ өнгөрсөн 60-аад жилийн хугацаанд Монгол Улсад ямар ажлууд хийж гүйцэтгэв, ирэх таван жилийн хугацаанд ямар ажлууд хийхээр төлөвлөж байна вэ гэдгээ товч танилцууллаа. Мэдээж НҮБ-ын байранд Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирсэн нь Монгол Улс НҮБ-ын идэвхтэй бөгөөд хариуцлагатай гишүүний хувиар олон жилийн турш НҮБ-тай хамт байж, олон талт хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмуудыг зөв зүйтэй ашиглаж, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогынхоо хүрээнд идэвхтэй, хамтын үйл ажиллагааг явуулж байсны илрэл юм. Үүний зэрэгцээ НҮБ-д ажиллаж байгаа монгол иргэдэдээ хандаж, улсынхаа хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж талархлаа илэрхийлсэн явдал боллоо” хэмээв.

 

Мөн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Урчуудын эвлэлийн шагналт, уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ. Уран барималч А.Очирболдын энэхүү бүтээлийн эх хувь Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэдэг бөгөөд баримлын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бэлэглэж байсан түүхтэй. 

 

Өдгөөгөөс 78 жилийн өмнө буюу 1945 оны аравдугаар сарын 24-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон ба энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэдэг.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ