Т.Сүхболд: Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эхтэйгээ маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж, цагдаагийн байгууллагаас хүндрэл учруулж байна

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд SBN телевизэд дараах тодруулгыг өгчээ.

Тэрбээр "Өнгөрсөн амралтын өдөр зургаан хүүхэд алга болж, эрэн хайх ажиллагаа явуулсан. Улмаар тавыг нь олж, нэг хүүхдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг явуулж байна. Насанд хүрээгүй хүүхдүүд эцэг эх, найз нөхөдтэйгөө маргалдсан шалтгаанаар гэрээсээ алга болж байна. Бас найзынхаа гэрт хоноод эцэг, эхдээ хэлдэггүй тохиолдол байна.

Энэ нь эцэг эхийн хараа хяналт сул, хүүхдүүд нь дураараа гадуур явдаг. Орой гэртээ ирээгүй болохоор нь эцэг, эх нь цагдаагийн байгууллагад хандчихдаг. Энэ бол цагдаагийн байгууллагад өдөр тутам тохиолддог. Эцэг эхийн хараа хяналт муугаас болж цагдаагийн байгууллагад хүндрэл учирна.

Эрэн хайх ажиллагааг явуулахад олон алба хаагч оройн цагаар ажиллаж, машин техникийг шатахуунаар хангах гэх мэт хүндрэл учирдаг" гэлээ.

Мөн тэрбээр "Камержуулалтын дэд бүтцийг сайжруулахад анхаарахыг нийслэлийн Засаг дарга, ХЗДХЯ, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд албан бичгээр хандсан байгаа. Тодруулбал, торгуулийн орлогоос 20 хүртэлх хувийн төсвийг камержуулалтад зарцуулаач гэсэн саналыг хүргүүлсэн байгаа" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ