"Ханжоу-2022" Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Н.Насанбуян: Түрүүлэх зорилготой байсан ч болсонгүй
Азийн зуны спортын 19-р наадам БНХАУ-ын Ханжоу хотноо болсон билээ. Манай чөлөөт бөхийн эрчүүд алт, мөнгө тус бүр нэг, хүрэл хоёрыг хүртсэнийг спорт сонирхогчид маань санаж буй биз. Ингээд тус тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Насанбуянтай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд сонирхуулъя.
-Юуны өмнө Азийн тоглолтоос хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе...
-За баярлалаа. Азийн 19 дэх наадмаас медаль авсандаа баяртай байна.
-Барилдаануудынхаа талаар яриач. Танай жинд хэдэн бөх зодоглов?
-14 бөх зодоглосон. Би эхлээд Камбожийн Союн Софорсыг ялаад, дараа нь Ардчилсан Солонгосын Хан Чон Сонд оноогоор ялагдлаа. Хойд Солонгосын бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан учир хүрэл медалийн төлөө Кыргызстаны Алмаз Уулутай барилдах болсон. Тэгээд л 8:2-оор ялж, хүрэл медалийн болзол хангасан даа. Хамгийн эвгүй нь Хойд Солонгосын бөх байсан. Хоёр талд хөлд суучих гээд л. Бусад нь гайгүй шүү. Барилдаан таарч байна билээ.
-БНАСАУ-ын бөхийг үнэхээр яаж ч болсонгүй юу?
-Уул нь хожих боломж байсан л даа. Эхний үе дуусахад би 6:0-ээр тэргүүлж явлаа. Хоёрдугаар үед гарт эргэх мэхэнд нь оноо алдахгүй гэж орооцолдож байгаад олон оноо алдаж, 6:17-гоор хожигдсон. Ер нь тактикийн алдаа гаргачихсан л даа.
-Та хоёр өмнө нь таарч байв уу?
-Үгүй ээ. Сая Азийн тоглолтод анх таарч барилдлаа.
-Хүрэл медалийн төлөө Кыргызстаны бөхтэй хүч үзсэн барилдааныхаа талаар яриач. Ямар тактикаар барилдав?
-Кыргызстаны Алмаз Уулу золгож, урагшаа давшиж барилддаг бөх байсан л даа. Тэгээд дэвжээнд адилхан золгож барилдах тактиктай гарсан.
-Та медаль авна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Итгэлтэй байсан. Түрүүлэх зорилготой л очсон доо. Харамсалтай нь чадсангүй.
-Жинд тань хаанахын хэн хэн дэлхийд ноёлдог вэ?
-Ихэвчлэн оросууд ноёлдог юм. Тэгээд иран, бага ястнууд орно. Ер нь одоо бөхийн спорт хөгжөөд, аль сайн байгаа нь түрүүлдэг болчихлоо.
-Жингийнхээ лидерүүдтэй бүгдтэй барилдсан уу?
-Барилдаж байсан гэхэд болно шүү.
-Тухайлбал Японы Хасегаватай?
-Барилдаж байгаагүй. Гэхдээ Хасегава дэлхийн аваргын болон Азийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга сайн бөх л дээ.
-Бусадтай нь өгөө аваатай гэж ойлгож болох уу?
-Болно оо.
-Таны чансаа жингийнхээ хэддүгээрт бичигдэж байна вэ?
-Энэ жил гадагшаа чансааны тэмцээнд яваагүй учраас хойгуур байгаа.
-Яагаад явсангүй вэ? -Чансааны тэмцээнд өөрсдийнхөө зардлаар явсан болохоор л...
-Ер нь бор зүрхээрээ, ивээн тэтгэгчгүй гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Саяын Азийн тоглолтын зардлыг хувиасаа гаргасан уу?
-Үгүй ээ, улсын зардлаар.
-Барилдааны явцад өөрийн мэдэлгүй хийчихдэг мэх бий юу? Дархан мэх чинь гэвэл...
-Би голдуу хөл мэх хийж барилддаг. Гэхдээ тухайн барилдаанд ямар барьц орж ирж байгаагаас тохируулаад мэхээ хийдэг.
-Ер нь мэхийг хэд давтаж байж дархан болдог бол?
-Өдөр бүр бэлтгэл болгон дээр давтаж байж л өөрийн болгоно доо.
-Хэдэн жил барилдаж байна вэ?
-2008 оноос одоог хүртэл гэхээр 15 жил.
-Яагаад чөлөөт бөхөөр хичээллэх болов? Анхны багш чинь...
-Аав маань бөхийн спортод их дуртай хүн. Тэгээд намайг дагуулж Батдархан багшид шавь оруулсан юм. Анхны энэ багш минь Дархан-Уул аймгийн спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч.
-Ингэхэд чөлөөт бөхийн юунд нь илүү дурлав?
-Жингээрээ, чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй барилддаг болохоор дуртай даа.
-Анх хичээллэхэд гэрийнхэн тань хэрхэн хүлээж авав?
-"Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээрэй. Хичээдэг юм шүү" л гэдэг дээ. Ер нь их дэмжинэ шүү.
-Таны анхны амжилт? Хэдэн кг-ын жинд хэд барилдаж, хэд ялж, ялагдав?
-Дарханд болдог Долгор агсны нэрэмжит тэмцээнд анх зодоглоод, тавдугаар байрт орж, их урам зориг авсан. Тэгэхэд 32 кг-ын жинд зургаа барилдаад, дөрөв ялж, хоёр ялагдсан юм.
-Жингийн чинь дотоодын өрсөлдөөн хэр вэ? Та улсад хэд түрүүлээд байгаа билээ?
-Хөнгөн жин болохоор өрсөлдөөн их байдаг. Би улсын аварга болж хараахан чадаагүй шүү дээ. Сүүлийн хоёр жил дараалж мөнгөн медаль авсан. ОУХМ, дэлхийн аваргын хүрэл, Азийн аваргын мөнгөн медальт Занабазарт ялагдаж, үзүүрлэсэн юм. Бас хоёр хүрэлтэй.
-Таны дүүг ОУХМ Наранхүү гэж чөлөөт бөх сонирхогчид сайн мэднэ. Та хоёр хоорондоо барилдаж байсан уу?
-Залуучуудын тэмцээнд хэдэнтээ таарсан шүү. Харин одоо би 57, дүү маань 61 кг-д барилдаж байгаа. Дүү маань ноднин Сербийн Белград хотноо болсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 22 насандаа хүрэл медаль хүртсэнийг бөх сонирхогчид маань санаж байгаа биз ээ.
-Та хоёрын ялалт, ялагдлын харьцаа хэр бол?
-Сайн мэдэхгүй ээ.
-Зарим хүн ах, дүү хоорондоо үнэнчээр барилдаад дэмий гэдэг юм билээ...
-Эхэндээ бие халаалтаа сайн хийгээд л үнэнчээр үздэг байлаа. Харин сүүлд ганц нэг удаа өгөө аваатай байснаа нуухгүй.
-Санаанаас тань огт гардаггүй ялалт гэвэл...
-2017 оны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайваньд болсон юм. Би ч алтан медалийн төлөө гараад ирлээ. Өрсөлдөгч маань Казахстаны Калкенов. Эхний үед би зургаан оноо алдчихсаныгаа нөхсөөр 17:13-аар ялж, алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлж билээ. Тэр л одоогоор санаанаас гардаггүй сайхан ялалт байна даа.
-Та өсвөр үе, залуучуудын дэлхийн аваргын медальтай юм билээ. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас медаль авчихвал гурван ангиллаас медаль хүртэх нь. Ийм амжилт гаргасан бөх бий юу?
-Харин Монголд байхгүй юм билээ. Насанд хүрэгчдийн дэлхийн аваргаас медаль авахын төлөө хичээж байгаа.
-Та насанд хүрэгчдийн дэлхийн аваргад зодоглож байлуу?
-Үгүй.
-Таныг одоо ямар тэмцээн хүлээж байна вэ?
-Хойтонгийн улсын аварга л маш чухал, их хариуцлагатай тэмцээн. Түрүүлсэн тамирчин олимпын эрхийн тэмцээнүүдэд оролцоно.
-Ямар ямар тэмцээнүүдэд олимпын эрх олгох вэ?
-Тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн бөхийн холбооноос зохиох тэмцээнүүдэд олгоно.
-Бидний ярилцлага үүгээр өндөрлөж байна. Танд амжилт хүсье. -Та бүхэнд ажлын амжилт хүсье. Мөн Монгол улсын гавьяат дасгалжуулагч Баярсайхан, Батдархан багшдаа маш их баярлалаа гэж хэлье. Ш.Эрдэнэтөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ