Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд найрамдах Киргиз улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо аравдугаар сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийнэ.

Монгол Улс ШХАБ-ын ажиглагч улсын хувьд тус байгууллагын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болон Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцон үг хэлж, хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлж ирсэн. Энэ удаагийн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотолно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад хийх ажлын айлчлалын үеэр Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцоно.

Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог юм. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ