Эрдэнэт хотод хачигт хазуулж нас барсан нэг тохиолдол бүртгэгджээ
Эрдэнэт хотод хачигт хазуулж нас барсан нэг тохиолдол бүртгэгдсэн болохыг тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Мөн ойрын өдрүүдэд хүүхдүүд ихээр хачигт хазуулан ирж байгааг онцлов.
Хачиг нь биеийн аль хэсэгт дуртай вэ?
Хачиг нь суга цавь, хөхний дор, чихний ар, үсэн дотор зэрэг нимгэн арьстай чийглэг газарт байрлаж хаздаг. Улмаар бие рүү гүн шигдэн ордог байна.
Аялагч алхагч нар хачгаас хэрхэн сэргийлэх вэ?
- Ихэнх тохиолдолд ургамал модод цэцэглээгүй үед хачигт хазуулах нь бий.
- Хачиг цаг агаар дулаахан болоход идэвхжин өвсний үзүүр, модны мөчирт зүүгдэж дэргэдүүр хүн амьтан өнгөрөхийг хүлээж байдаг.
- Хачгийн шүлсэнд байдаг мэдээ алдуулагч бодисын нөлөөгөөр хүн хазуулж байгаагаа төдийлөн мэдэрдэггүй байна.
Урьдчилан сэргийлэх арга:
- Та гялгар гадаргуутай, тод хурц өнгөтэй аяллын хувцас сонгож биеийн ил гардаг хэсгүүд буюу толгойгоо битүүлж аль болох түрийтэй гутал өмсөх нь зүйтэй юм.
- Тод өнгийн хувцсан дээр хачиг буусан ч ялгарч харагдах бөгөөд туршлагатай аялагчид хачиг буусан байх магадлалтай үед нэг нэгнийхээ хувцас хэрэглэлийг шалгаж өгдөг.
- Хэрвээ аялал зугаалгын үед гадуур хувцсаа тайлсан бол гялгар гадаргуутай талаар нь зайгүй эвхэж, газраас хөндий тавьж, эргүүлж өмсөхдөө сайтар сэгсрэх нь зүйтэй юм. Мөн хачгаас сэргийлэх цацлага хэрэглэх нь үр дүнтэй арга юм.
Хачигт хазуулсан үед анхаарах зүйл:
- Биед хачиг байгааг илрүүллээ. Айж цочирдохоос илүүтэйгээр хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж, мэргэжлийн эмчээр хачгийг авхуулах шаардлагатай ба хазсан хачгаа эмнэлгийн байгууллагаар шинжлүүлснээр халдвар авсан эсэхээ тогтоолгох боломжтой байдаг ажээ.
- Хэрвээ эмнэлгийн тусламж авч чадахгүй бол хачгийг эргүүлэх хөдөлгөөнөөр биеэс гаргахыг зөвлөсөн байдаг.
Орхон аймгийн бүх өрхийн эрүүл мэндийн төвүүдэд "Хачигт энцефалитийн эсрэг " вакциныг үнэ төлбөргүй хийж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ