Хүүхэд могойд хатгуулах тохиолдол их байна

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор орон нутгаас могойд хатгуулсан гэх дуудлага ГССҮТ-д ихээр ирж байгаа аж. Мөн  үргэлжлэн орсон борооны улмаас суурьшлын бүсэд могой үзэгдэж, хатгуулсан тохиолдлууд гарчээ.

ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн их эмч О.Лхагва-Очир "Иргэд хөдөө аялж зугаалахдаа өвс, зүлэгт байгаа могойд хатгуулсан тохиолдолд ирж байна. Тэр дундаа бага насны буюу 16 настайгаас хоёр нас хүртэлх хүүхэд хатгуулсан тохиолдол их байна.

Хүүхэд могойг олс гэж эндүүрэх зэрэг таньж мэдэхгүйгээс болж биед нь хүрснээр хатгуулж байна.

Иймд аялж зугаалахдаа голын ай сав газраар буухгүй байх, хүүхэд тоглож байгаа орчны аюулгүй байдлын үүднээс зүлэг, шуудуу байгаа эсэхийг шалгаж байх нь зүйтэй" гэв.

Харин могойтой таарсан тохиолдолд аль болох тайван байж огцом хөдөлгөөн хийхгүй, дуу чимээ гаргахгүйгээр ухарч зай барих хэрэгтэй.

Хэрэв хатгуулбал тэр даруйд ямар нэгэн зовиур илрэхгүй байж болох бөгөөд үзүүртэй өвс, өргөс зэрэгт хатгуулсан мэт мэдрэмж төрж болно. Ийм үед соёоны ором байгаа эсэхийг шалгаж, яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн ой мод, бут, хад, асгатай газар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөхийг зөвлөлөө. Түүнчлэн рашаан устай газарт могой элбэг байдаг учраас анхаарах болгоомжтой зорчино уу.

Эх сурвалж: ГССҮТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ