Явуулын хоёр лаборатори ажиллаж байна

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээ:

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын улсын 56 байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Сүхбаатарын талбайд хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа 640 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин, зөвлөмж өгөн ажиллаж байна.

Хяналт, шалгалтын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт явуулын хоёр лаборатори ажиллаж, хуушуурын мах болон айргаас дээж авч, шинжилгээ хийн, шинжилгээний сорилыг газар дээр нь гаргаж байгаа. Одоогийн байдлаар Төв цэнгэлдэх хүрээлэнд шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй.  Хүй 7 худагт нэг аж ахуйн нэгжийн хуушуурын мах муудсан зөрчил илэрсэн. 5 кг үхрийн махыг улсын байцаагчийн актаар хурааж, газар дээр нь устгасан. Гар дээрээс ил задгай хорхог, шорлог борлуулж байгаа иргэн олон байна. Эдгээр иргэнд зөвлөмж, зөвлөгөө өгөн, шаардлагатай тохиолдолд худалдаа эрхлэхийг нь хориглож байгаа. Мөн Налайх, Багануур дүүргийн наадамд хяналт тавьж буй. Яаралтай үед хариуцлагатай жижүүр ажиллаж, иргэдийн санал, гомдлыг хүлээн авч байна.

Наадмаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд сургалт хийсэн. Мөн худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж өгсөн хэмээв.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын ариун цэврийн байгууламж болон тэдгээрийн ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын ахлах байцаагч Д.Өлзийбаяраас тодрууллаа.  

-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улсын 47 байцаагч, мэргэжилтэн хяналт тавин ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 19 ариун цэврийн байгууламж, 200 гаруй суултуур бий. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас халдваргүйтгэл болон ариун цэврийн байдалд нь хяналт тавин ажиллаж байна. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд 19,500 ам метр талбайд халдваргүйтгэл хийсэн. Ариун цэврийн байгууламжид ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг хоёр цаг тутам хийж, байцаагч нар байнга хяналт тавин ажиллаж байгаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ