Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад бүх талаар хамтарч ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Эрхэмсэг ноён Ом Бирла нар өнөөдөр Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад хоёр орны парламентуудаас бүхий л талаар хамтарч ажиллахаа харилцан мэдэгдлээ. Үүнд төслийн нэг тэрбум ам.долларын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд гурван дэд гэрээ байгуулах, ашиглагдаагүй байгаа зээлийн эргэн төлөлтийн хугацааг таван жилээр сунгах зэрэг асуудлыг шийдэхээр болсон юм.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд худалдаа, эдийн засаг, боловсрол, эрчим хүч, батлан хамгаалах салбарын харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдлээ.

Хоёр улсын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахад чухал хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгааг талууд санал нэгтэй илэрхийлэв.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла элэгсэг дотноор хүлээн авч буйд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, дээд түвшний яриа хэлэлцээг тогтворжуулах, хуулийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй буйгаа онцолсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ