Ж.Байгалмаа: Үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байхыг зөвлөж байна

Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Үерийн нөхцөл байдалтай холбогдуулан гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа өгсөн юм. 

Тэрбээр "Гэдэсний халдварт өвчин нь нян, вирус, мөөгөнцрөөр бохирлогдсон хоол хүнс, усаар дамждаг.

Гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүнээс бусдад халдвар дамждаг. Мөн эрүүл нян тээгчээс халдварлана. Манай улсад жил бүр сальмонеллез, цусан суулга, хоолны хордлого зэрэг гэдэсний халдварт өвчин бүртгэгддэг.

2023 оны эхний зургаан сард гэдэсний халдварт өвчний 984 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс цусан суулгын 630 тохиолдол илэрчээ. 

Гэдэсний халдварт өвчнөөр бүх насныхан өвдөж болно. Гэхдээ тав хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, архаг суурь өвчтэй хүмүүс илүү хүнд өвчилдөг. Өөрөөр хэлбэл эрсдэлт бүлгийн хүн ам болдог" хэмээн ярилаа. 

Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдгүүд: 

  • Халуурах
  • Бөөлжих
  • Усархаг цустай, залхагтай суулгах
  • Гэдэс базлах
  • Гэдэс өвдөх
  • Гэдэс дүүрэх
  • Толгой өвдөх зэрэг зовуурь голчлон илэрдэг.

Дээр дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэдэсний халдварт өвчний талаар "Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин дэгдэх эрсдэл бий болдог. Учир нь гэдэсний зарим халдварт өвчний үүсгэгч хөрсөнд хадгалагдаж байдаг.

Хөрсөнд хадгалагдсан үүсгэгчүүд үерийн устай холилдвол ил урсдаг. Иймд

  • Ундны ус үерийн усаар бохирдох
  • Ард иргэд үерийн ус туулах тохиолдолд гэдэсний халдварт өвчин тусах эрсдэл үүсдэг.

Тиймээс үерийн усыг хөл нүцгэн туулахгүй байх, гар болон биеийн бусад хэсгээр үерийн усанд хүрэхгүй байх, хүүхдүүдээ үерийн усанд тоглуулахгүй байх, үерийн усны дараах лаг шаврыг хурдан цэвэрлэх, булаг шандны уснаас шууд уухгүй байх, ундны усыг заавал буцалгаж хэрэглэхийг зөвлөе.

Хэрэв үерийн усыг зайлшгүй туулах шаардлагатай бол хамгаалах гутал, хувцас өмсөх нь чухал. Ус туулсан тохиолдолд гэртээ ороод гутлаа заавал тайлах ёстой. Боломжтой бол гутлаа хлорын уусмалаар ариутгаж, наранд хатаах хэрэгтэй" хэмээн Ж.Байгалмаа зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ