Жохар Царнаевыг яллагдагчаар татав

АНУ-ын эрх баригчид Бостоны марафон гүйлтийн үеэр террорын ажиллагаа  үйлдсэн 19 настай Жохар Царнаевыг яллагдагчаар татжээ.

Тэр үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэсэн буруутай юм гэж АНУ-ын ерөнхий прокурор Эрик Холдер мэдэгдсэн байна. Царнаевт цаазаар авах юмуу бүх насаар нь хорих ял оноож болох юм гэж Холбооны мөрдөх товчооны мэдэгдэлд дурджээ.

“Бид энэ  хэргийг үйлдсэн гэм буруутай этгээдүүдэд  хуулийн дагуу хатуу хариуцлага хүлээлгэнэ” гэж Холдер хэлсэн байна.

Жохар Царнаев эмнэлэгт байгаа бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа ажээ. Тэр үе үе ухаан орж, гэхдээ хүзүүний хавьдаа шархадсанаас болоод ярьж чадахгүй байна. Тэр цагдаа нартай буудалцах үеэр  шархадсан уу эсвэл амиа хорлохоор  завдахдаа өөрөө ингэсэн үү гэдэг  нь хараахан тодорхойгүй байна. Царнаев бичгээр мэдүүлэг өгч, мөрдөн байцаагч нарын асуултад дохио зангаагаар хариу өгдөг ажээ.

Ах Тамерлан нь алагдаж, дүү нь баасан гаригийн орой баривчлагдсаны дараа хотын байдал хэвийн болж,  нийтийн тээвэр ажиллаж, сургууль, үйлдвэрийн газрууд ажилдаа орсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ