Хятадууд гурван өрөө байраар улсын комиссыг хахуульджээ
Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр, Kёкүшю цамхгийн баруун талд байрлах 66 айлын 12 давхар орон сууцны оршин суугчдын төлөөлөл, тэдний өмгөөлөгч Ц.Монгол нар хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.
Учир нь тус барилга ашиглалтад ороод удалгүй иргэдийг сандаргажээ. Тус барилгыг өнгөрсөн 2008 онд “Шүнди” ХХК барих зөвшөөрөл авсан байдаг. Барилгын ажлыг Хятадын хөрөнгө оруулалттай “Зунчен” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн байна.
Гэвч “Зунчен” ХХК барилгын ажлыг гүйцэтгэхдээ барилгын үндсэн зургийн дагуу монтажийн ажлыг хийгээгүй. Мөн сантехникийн холболт хийхдээ резваг ханатал нь чангалж, контор шахагч ашиглаагүйгээс далд шугамд ус алджээ. Түүчнлэн ус дамжуулах цайртай ган яндан холбох хэрэглэлээр монтаж хийх норм, дүрэм алдагдсанаас зэврэлт үүссэн байна. Үүний улмаас усны агуулга дахь зэв, төмөр зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрч иргэд усыг ундандаа хэрэглэх боломжгүй болжээ.
Иймд бухимдсан иргэд хэвлэлийнхэнд арга буюу хандаад байгаа аж. Учир нь тухайн үед “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ван Сэн Тун нь 1400 ам.доллар хувьдаа завшиж, зарцуулалт нь тодорхойгүй байгаа юм байна. Гэвч "Шүнди" ХХК нь гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Ван Сэн Тун чанаргүй барилгаа нуун дарагдуулахын тулд хууль хяналтынхныг хахуульдсан байна.
Иргэдийн хэлж буйгаар тухайн үед НМХГ-аас улсын байцаагч Ө.Сүхбаатар “Зунчен” ХХК-иас гурван өрөө байрны хахууль авч оронд нь уг чанаргүй барилгыг улсын комист хүлээлгэн өгчээ. Иргэдийн гомдлын дагуу эл хэргийг АТГ-аас шалгаж, МХЕГ-ын газрын байцаагч Ө.Сүхбаатарт “Бусдаас авлига авч, чанаргүй барилга хүлээлгэж өгсөн” гэх үндэслэлээр 5.6 жилийн хорих ял оноосон аж. Гэтэл их хэмжээний мөнгө хувьдаа завшиж, оршин суугчдыг хохироосон гэх “Шүнди” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ван Сэн Тун өршөөлөөр суллагдсан байна. Харин чанаргүй барилгын гүйцэтгэлийг хийсэн гэх “Зунчен” ХХК-ийн захирал Ван Шүэ Лин өнөөг хүртэл ял зэмгүй, ямар нэг хариуцлага хүлээлгүй явж байгаа аж.
Тиймээс иргэд уг хоёр этгээдийг их хэмжээний мөнгө хувьдаа завшсан болон авилга өгч, чанаргүй барилга барьсан зэрэг үндэслэлээр шүүхэд өгсөн ч хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Шийдвэрийг УЕП-ын хяналтын прокурор О.Гэрэл гаргасан аж. Улмаар нэхэмжлэгч талаас Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавт дахин хүсэлт явуулжээ.
Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” ХХК-ийн хөрөнгө оруулалтын талаар Баянгол дүүргийн шүүхэд 2009 оны зургадугаар сарын 24-ний өдөр нэмэжлэл гаргахдаа хуурамч номлох бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. Иймд энэ хэргийг сэргээж, гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг харъяалах прокурорт даалгасан болохыг мэдэгдье” гэж өнгөрсөн 2010 оны ёсдүгээр сард хариу өгсөн байна.
Гэтэл УЕП-ын хяналтын поркурорын О.Гэрэл “Ван Сэн Тун нь хуурамчаар бичиг баримт үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгов” гэжээ.
Мөн 2011 оны аравдугаар сард “Орон сууцны барилга батлагдсан зургийн дагуу угсрагдах ёстой байсан ч дутуу хийгдсэн байна. Мөн сантехникийн тоног төхөөрөмч, шугам хоолойг хийж гүйцээх, угсралтын үед өөрчилсөн гүйцэтгэлд гүйцэтгэлийн зураг гаргаж баталгаажуулах, орон сууцны ашиглалтыг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч ашиглалт, засвар, үйлчилгээг нь харъяалуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг МХЕГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Санжмятав гаргасан аж. Өөрөөр хэлбэл, энэ нь дээрх чанаргүй барилгыг улсын комисс хүлээж авах боломжгүй, сантехникийн шаардлага хангахгүй, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлээгүй гэсэн үг юм.
Монгол Улсын Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар “Барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах, мөн угсралтын буруугаас үүссэн зөрчлийг барилга угсралтын гүйцэтгэгч байгууллага хариуцна” гэж заасан байдаг. Хуулиараа бол эл чанаргүй барилгын хариуцлагыг гүйцэтгэгч “Зунчен” ХХК, болон “Шүнди” ХХК-ийн захирал Ван Сэн Тун нар хүлээх ёстой аж. Гэвч энэ хэргийг шүүх, прокурорын байгууллага нь удаа дараа хэрэгсэхгүй болгож байна.
Иймд хохирсон иргэд хэвлэлийнхэнд хандаж, хэргийн үнэн мөнийг олохыг хүслээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ