“Хаясан үнэмлэхээ ирэх сарын 1-нээс гаргуулж болно”

Жолооны үнэмлэхний хэвлэлтийн талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Жолооны үнэмлэхээ хаясан, гээсэн тохиолдолд шинээр гаргуулах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа гэж дууллаа. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өнгөрсөн онд жолооны үнэмлэхний хэвлэлт зогссоноос хойш шинэ жолооч нарын үнэмлэхийг олгохгүй байсан юм. Харин үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэхийг тасралтгүй олгож ирсэн.

Тиймээс энэ сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл гээсэн үнэмлэхээ дахин гаргуулах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Ирэх сараас хэвийн хүлээж авна. Бид энэ нэг сарын хугацаанд шинээр жолооч болж байгаа иргэдэд үнэмлэхийг нь гаргаж өгөхөд анхаарч байна.

-Шинээр хэвлүүлсэн үнэмлэхээ жолооч нар ирж авахгүй байгаа гэсэн?

-Тийм. Хаясан, гээсэн үнэмлэхээ шинээр авахаар материал өгөөд, түр үнэмлэх авсан жолооч нар шинэ үнэмлэхээ ирж авахг үй байна. Одоогоор 3000 орчим хүн бий. Тиймээс материал бүрдүүлээд өгсөн жолооч нар үнэмлэхээ ирж авахыг хүсье.

-Жолооны үнэмлэх хэвлэхэд ачаалал их байна уу?

-Манай газарт өдөрт шинээр жолооч болж байгаа болон үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн, ангилал ахиулахыг хүссэн гэх мэт 500 хүний материалыг хүлээж авдаг. Харин хэвлэгч машин өдөрт 1500 үнэмлэх хэвлэж байна. Гэхдээ өнгөрсөн онд хэвлэгч машин эвдэрснээс үүдээд олон хүний захиалга бөөгнөрсөн байгаа. Тиймээс ачаалалтай байна.

 Б.Заяа

Эх сурвалж: www.gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ