Үндэсний роботын тэмцээн болно
Монголын Үндэсний олон нийтийн телевиз Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран 12 дахь жилдээ “Робокон” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Ази номхон далайн бүсийн орнуудын соёл уламжлалыг таниулан сурталчлах, оюутан залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой оюун ухааны өрсөлдөөний их талбар болсон “Робокон-2013” олон улсын роботын тэмцээн ирэх намар Вьетнам улсад болно. “Ногоон дэлхийгээ аварцгаая” уриатай олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөх багийг шалгаруулах “Үндэсний роботын тэмцээн”-ийг МҮОНТ, Байгаль орчин ногоон хөгжлийн яамтай хамтран олон улсын тэмцээний сэдэв дүрмийн дагуу энэ пүрэв гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Нийгэм, эдийн засгийн хөгжил хурдсахын хэрээр хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөл нэмэгдэж дэлхий дээрх ногоон байгаль хумигдаж эхлээд байна. Үндэсний роботын тэмцээнд оролцогч багууд эх дэлхий болон саран дээр ургамалын үр суулгах даалгаварыг гүйцэтгэх гар болон автомат удирдлагатай 2 робот бүтээж – өрсөлдөх юм. Тоглолтын 3 минутын хугацаанд эх дэлхийгээ болон сарыг “ногоон гариг” болгож чадсан баг даалгаварыг амжилттай гүйцэтгэсэнд тооцно.
Үндэсний роботын тэмцээнд техник технологийн мэргэжлээр суралцдаг их дээд сургуулийн оюутан залуусын 16 баг оролцож өөрсдийн оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө бүтээсэн роботуудаа өрсөлдүүлнэ. Монгол залуусын оюун ухаан, хөдөлмөрөөр бүтсэн роботуудын өрсөлдөөнийг Үндэсний роботын тэмцээнээс үзээрэй. “Ухамсраа дээшлүүлж, ухаалаг үйлдэл хийж эх дэлхийгээ аварцгаая”
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ