Өнөөдөр ном ба зохиогчийн эрхийн өдөр
Дэлхийн ном зохиолын билэгдлийн өдөр болох дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дэлхий дахины ном болон зохиогчийн эрхийн өдрийг тэмдэглэдэг уламжлал нэгэнт тогтжээ. 1616 оны энэ өдөр М.Сервантес, У.Шекспир, Инка Гарсиласо де ла Вега насан эцэслэжээ. Түүнчлэн мөн өдөр Морис Дрюон, Хальдоур Лакснесс, Ж.Пла, Мануэль Мехиа Вальехо нарын зэрэг алдартай зохиогчид мэндэлсэн буюу нас барсан байдаг аж.
1995 онд Парист болсон ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлаас энэ өдрийг ном зохиолд болон зохиогчдод хүндэтгэл үзүүлэн, хүн төрөлхтөний нийгэм, соёлын дэвшилд юугаар ч орлошгүй тус хандив оруулсан аугаа их хүмүүсийг хүндэтгэн ном зохиолыг нь уншиж байхыг бүх хүнд, ялангуяа залуучуудыг уриалан дуудаж байх шийдвэр гаргажээ. Мөн өдөр Дэлхий дахины Номын хийгээд зохиогчийн эрхийн өдрийг тэмдэглэж, Хүүхэд, залуучуудын ном зохиолын адбиш зорилгыг сурталчилсаны төлөө олгох ЮНЕСКО-гийн шагналыг олгож байхаар шийдвэрлэжээ.
Бид ном зохиолын ач буянаар юуны өмнө мэдлэг, үзэл санаа, оюуны хийгээд ёс суртахууны мэдлэг олж авч, хүний гоо сайхныг хийгээд бүтээн туурвих чадварыг эзэмшдэг билээ. Мэдээллийг түгээн дэлгэрүүлж, боловсрол олгож, бүтээж туурвих үндэс болдог ном зохиол нь соёл бүхэнд өөрийгөө мэдүүлэх, орон орны улс түмний зан заншил, өв уламжлалтай танилцах боломж олгодог.
Ном бол соёлын олон янзын ертөнцийг харах цонх, тухайн цаг үе, орон зайн өөр өөр соёл иргэншлийг холбох гүүр болдог.
Бид Дэлхий дахины номын хийгээд зохиогчийн эрхийн өдрийг тэмдэглэхдээ улс бүрийн соёлыг хадгалан арвижуулахад ном зохиол чухал үүрэг гүйцэтгэдэгт бүгд онцгой анхаарал тавих ёстой. Учир нь ном бол хүн төрөлхтөний соёлын өв уламжлалыг хамгаалж, арвижуулах талаар бидний нийтийн хүчин чармайлтад шилдэг сайн туслагч болдог.
Эх сурвалж: "ТВ7 хоног" сэтгүүл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ