С.Баярцогтын асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдана

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “В” танхимд хуралдахаар товлогджээ. Тус хорооны хурлаар УИХ-ын зарим гишүүдийн ёс зүйн асуудлаар ирсэн өргөдлийг хэлэлцэх бөгөөд үүнд УИХ-ын дэд дарга С.Баярцогтын асуудал багтаж буй юм. Швейцарийн банкинд нууц данстай болох нь илчлэгдэж, улмаар УИХ-ын дэд даргын албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Баярцогтын асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг энэ асуудлаар завсарлага авснаар түр хойшлуулсан билээ. Зарим гишүүдийн хувьд С.Баярцогтыг УИХ-ын дэд даргын албанаас гадна УИХ-ын гишүүний бүрэн эрхээс чөлөөлөх нь зүйтэй, мөн энэ асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэхийн өмнө Ёс зүйн дэд хороо хуралдаж, зохих шийдвэрээ танилцуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байсан юм.

Мөн өнөөдөр Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагт болно. Тус хуралдаанаар Төв аймгийн Хөшигтийн хөндийд баригдах олон улсын нисэх онгоцны буудал барихад зарцуулагдах хөрөнгийг нэмэлт хэлэлцээрийг шийдвэрлэх аж. Залгуулаад, Эдийн засгийн, Төсвийн байнгын хороод дангаар хуралдах бол 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 15.30 цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо тус тус хуралдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ