С.Баяр, У.Хүрэлсүх 2-ын шийдвэр

Ерөнхий сайд асан С.Баяр Канадад суурьшиж, залуухан эхнэр нь охин төрүүлж өгөөд, амар тайван аз жаргалтай амьдарч байгаа аж. Тэрээр  доктор хамгаалахаар эрдмийн ажил хийж байгаа юм байх. Хааяахан намынхаа нөхдүүддээ  сургаалийн үгээ дайчихаад, холоос заавар зөвлөгөө өгчихөөд сууж байдаг гэнэ лээ. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө эх орондоо ирж нэр дэвших бэлтгэлээ базаана гэхчилэн мэдээлэл гарч байсан ч бодиттой бус бололтой.

Оюу толгойн гэрээг байгуулчихаад удалгүй хүсэлтээрээ  ажлаа өгөөд бие эмчлүүлэхээр явсан энэ эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн гэж албаны эх сурвалж онцолсон юм. Харин харийн нутагт суугаа ч туслах дэмжих зүйл байвал тусламжийн гараа сунгахад бэлэн гэдгээ намынхаа нөхдүүдэд уламжилсан гэнэ.

Мөн удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай гэж яригдаж байсан УИХ-ын гишүүн асан, МАН-ын генсек асан У.Хүрэлсүх нь БНСУ-аас Австралируу нүүж суурших гэнэ.

Эхнэрийн бие тааруу, удаан эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд УИХ-ын гишүүнээсээ хүсэлтээрээ татгалзсан У.Хүрэлсүх бас л С.Баяр дарга шигээ амар тайван амьдрахыг зорьж байгаа бололтой.

Гэргийгийнх нь бие илтэд сайжирсан гэнэ. Мөн том охин нь ч Австралид суралцаж байгаа аж. Түүгээр ч зогсохгүй У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаяр ч Австралийн их сургуульд мастер хамгаалахаар болж гэр бүлээрээ явцгааж байгаа юм байх. Тиймээс тэнд ах дүүгээрээ суурьшихаар шийдсэн бололтой.

Ийнхүү МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хоёр эрхэм гадаадад "шигдээд" юун сонгууль энэ тэр сонирхох манатай байх шиг байна.

Х.Тэргэл

www.times.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ